Авто тээврийн хяналт зохицуулалтын менежментийн туршлагаас судаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-15 11:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем нэвтрүүлж байгаатай холбоотой нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежментийн туршлагаас нь судаллаа.


Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулжээ. Тухайлбал, автомашинд дугаар олгох үедээ картын систем нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн тухай бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн байна. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд очих үед картаар нь дамжуулан зогсоол хуваарилдаг зэргээр асуудлыг шийджээ. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга М.Баяраа "Зам тээврийн салбарыг цахимжуулах, тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх ажил эрчимтэй байна. Нэвтрүүлж буй системдээ ямар хөгжүүлэлт хийх боломжийг харж, сайн жишиг, оновчтой шийдэлтэй танилцлаа. Жишээлбэл, RFID системээр дамжуулаад авто замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг иргэдийн гар утсанд аппликейшнээр харуулж байна. Иргэд энэ мэдээллийг харгалзан замын хөдөлгөөнд оролцсоноор түгжрэл багасна” хэмээлээ.


Чунчин хотын Хөрөнгө оруулалтын алтан карт мэдээллийн салбар групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Жэн Шяан, -20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй манай компани авто тээврийн цахим платформ, хяналт зохицуулалтын системийн үйлчилгээг Засгийн газар, захиргааны байгууллагад үзүүлдэг. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн их өгөгдлийн платформ үүсгэсэн. Энэ өгөгдлийн санг ашиглаад бусад олон салбарын үйлчилгээг хүргэх боломжтой гэжээ. 

Холбоотой мэдээ