Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны санал асуулга өндөрлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд өчигдөр эхэлсэн "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө.
Үдээс хойно Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний хэмжээ болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо, олон нийтийн хяналт, жендерийн тэгш байдал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. Эдгээр сэдвээр Удирдлагын академийн профессор, доктор Н.Наранчимэг, дэд профессор, доктор Б.Нарантулга нар илтгэл тавив. Доктор Н.Наранчимэг нийгэм соёл, улс төр, эдийн асгийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо ямар байгааг тоо баримтаар үзүүлж, удирдах албан тушаал, улс төрийн сонгуульд аль нэг хүйсийн төлөөллийг тэгш хангах эрх зүйн зохицуулалт болон квот тогтоох, эрэгтэй, эмэгтэй хүний төлөөллийн доод хувь хэмжээг тус хуульд заасны дагуу практикт хэрэгжүүлэх, хүйсээр ангилсан мэдээлэл, судалгаа шинжилгээг нэмэдүүлж, бодлого, төлөвлөлтөд хүйсийн мэдрэмжтэй арга зүйг ашиглах нь зүйтэй гэсэн гарц, шийдлүүдийг томъёолон ярив. Харин доктор Б.Нарантулга хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай эдийн засаг, эрх зүйн орчныг тодорхойлон танилцуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн удирдлага, зарцуулалтыг ил тод болгож, олон нийтийн хяналтанд оруулснаар алсдаа хагас хуримтлалын улмаар хуримтлалын тогтолцоонд шилжих суурь нөхцөл болно хэмээн ярилаа.
Үндсэн илтгэлүүдийг сонссоныхоо дараа Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хэсгийн хэлэлцүүлгүүдээр дээрх асуудлуудыг зөвлөлдлөө. Хэсэг тус бүрээс гарсан асуулт, саналуудыг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар илтгэгчид болон экспертүүдээс асууж, хариулт авсан юм. Хэсгийн хэлэлцүүлгээс цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулах, нэмэгдүүлэх, цагийн хөлсний тогтолцоонд шилжих болон өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, бууруулах бодлого хэрэгжүүлэх, цалинг нэмэгдүүлэхэд үнэ өсдөг байдлыг арилгах, хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай уялдуулж татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, цаашлаад нийгмийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, өвлүүлэх болон гэр бүлийн хүнд шилжүүлэх боломжийг судалж шийдвэрлэх зэрэг олон асуулт, санал гарсан юм. Түүнчлэн, иргэд халамж, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа энэ үед үнэ ханшийг тогтвортой байлгах, нийгмийн даатгалын сангийн удирдлага, зарцуулалтыг сайжруулах, тэтгэврийг бодитой тогтоох, хууль зөрчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлагыг сайжруулах, хувийн хэвшлийн нийгмийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх, тэтгэврийн зөрүү, ялгааг арилгах талаар олон ажил хэрэгч санал гаргав. Мөн орон нутагт гэр бүлгүй малчин залуус олширч байгаад анхаара хандуулж, хөдөө ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх, эрчүүдийн сэтгэлзүйн болон эрүү мэндийн асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх, сонгогддог болон томилогддог албан тушаалд ажиллах жендерийн квотыг зохистой хэмжээнд тогтоох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн удирдлага, менежментэд тогтоох олон нийтийн хяналтыг зөв хэрэгжүүлэх, Баялгийн сангийн хөрөнгийг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тухайлбал ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр зарцуулдаг байх зэрэг олон чухал асуулт, санал дэвшүүлж хэлэлцүүлгийн илтгэгч нар, экспертүүдээс хариулт авлаа.
Зөвлөлдөх уулзалтын нийгмийн тулгамдсан асуудлаарх дөрөвдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх УИХ-ын Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг хөтөлж, Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал, дэд профессор Г.Баярмаа нар экспертээр ажиллав. Мөн Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат оролцлоо.
Нэгдсэн хуралдааны асуулт, хариулт өндөрлөсний дараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.11-д заасны дагуу хоёр дахь шатны санал асуулгыг явууллаа. Санал асуулгын асуултад хэрхэн хариулах, хуудсыг хэрхэн бөглөх талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа зааварчилгаа өгөв. Оролцогчид Зөвлөлдөх санал асуулгын үндсэн 22 асуултад дахин хариулснаас гадна Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаа, хэсгийн хэлэлцүүлгүүдийн үр дүнг үнэлэх асуултуудад хариулт өгсөн юм.
Санал авах үйл ажиллагаа дууссаны дараа Зөвлөлдөх уулзалтын хаалтын ажиллагаа болж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ танхимд хуран цуглаж, хоёр өдрийн турш Монгол Улсынхаа төлөө Монголын ард түмнээ төлөөлж Зөвлөлдөх уулзалтад амжилттай оролцсон нийт оролцогчдод хувиасаа болон Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, зөвлөлдөх санал асуулгыг богино хугацаанд өндөр ур чадвартайгаар явуулсан Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд, илтгэгчид, экспертүүд, ажиглагчид болон зохион байгуулсан УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллага, үйлчилгээ эрхлэгчдэд баяр хүргэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг бөгөөд анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад оролцсон юм. Тэрбээр энэ тухай дурсан, жижиг бүлгийн хэлэлцүүлгүүдэд иргэд чин сэтгэлээсээ, хувийн бус нийтийн ашиг тусын тулд яаж сэтгэлээ илэрхийлэн, ажил хэрэгчээр идэвхтэй, санаачлагатай оролцож байгааг хараад гайхан биширч, би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн ардчиллын итгэл үнэмшил минь батжиж байсан хэмээлээ. Тэрбээр, Монголын төр оршин тогтнож, Монголын ард түмэн байгаа цагт ард түмний дуу хоолой бүхнээс хүчтэй байх болно. Иймд УИХ энэ хоёр өдрийн хэлэлцүүлгээс гарсан бүх санал шүүмжлэлийг нухацтай судлах болно. Мэдээж, бүх юм өргөс авсан мэт сайн сайхан болж чадахгүй. Нийт үндэстний ухамсар сэргэж, сэтгэлгээний өөрчлөлтийг хийж байж бид тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж чадна. Зөвлөлдөх уулзалт хүн бүхний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан гэж итгэж байна. Бид мэдээлэлгүй байхдаа юмыг хэрхэн дүгнэж байв, мэдээлэлтэй болоод бидний үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж байна вэ, нийгмийн сүлжээний дуулиан шуугиан, сэтгэлийн хөдлөлөөр хандсан асуудал үргэлж зөв байдаггүй гэдгийг харсан байх. Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд та бүхэн тэнцвэртэй мэдээлэлтэй болж байж саналаа өгч байгаа шиг ард иргэд аливаа асуудалд хандахдаа сайтар судалж, эерэг, сөрөг талыг тэнцвэртэй шүүн тунгаасны үндсэн дээр шийдвэр гаргадаг байж гэмээнэ ардчилал төлөвшиж, тогтворжиж, үр дүнтэй болно гэсэн юм. Эцэст нь тэрбээр, та бүхний өгсөн санал асуулгын дүнд үндэслэж, Монгол Улсаа сэргээн мандуулах жинхэнэ “Шинэ сэргэлт”-ийг хэрэгжүүлж, монгол хүн бүхний сайн сайхан амьдралын баталгааг хангах Монгол төрийн бодлогыг боловсруулж, шийдвэр гаргах болно. Ард түмнийхээ санал бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг, хэрэгжүүлж чаддаг болсон цагт Монголын ардчилал батжиж, Монгол Улс маань сэргэн мандана гэлээ.
Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны үйл ажиллагаанд “чин сэтгэл, бат зүтгэлээр оролцож, монгол төрийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан” нийт оролцогчдод батламж гардууллаа.