Британийн Нийтийн танхимын гишүүн Алиша Кернсийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-20 08:42:29
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Нийтийн танхимын гишүүн Алиша Кернсийг 2 дугаар сарын 19-нд хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын “гуравдагч хөрш”, барууны орнуудаас хамгийн анх дипломат харилцаа тогтоосон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.


Мөн энэ онд тохиож буй Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй зарим ажил, арга хэмжээ хэрэгжиж эхлээд байгаад баяртай буйгаа илэрхийлэв.


Талууд Монгол, Британийн хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр бэхжүүлэх зорилгоор дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Холбоотой мэдээ