12 мянга 800 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгтээ орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-01 12:34:45

Дундговь аймгийн Ерөнхий боловсролын 19 сургууль 7800 гаруй сурагч, 21 цэцэрлэг 4000 орчим хүүхэд хүлээн авч, хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна. Шинээр нэгдүгээр ангид 855 хүүхэд элсчээ.

Дундговь аймгийн боловсролын салбар энэ хичээлийн жилийг хэд хэдэн онцлогтойгоор эхлүүлж байна. Тухайлбал, Улсын тэргүүний цэцэрлэгтэй, ЕБС- ын ахлах ангийн сургалтын шинэ тогтолцоотой, энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор 21 аймгаас хоёрдугаарт жагссан амжилттайгаар шинэ хичээлээ угтлаа.

Мөн тус салбарт улсын төсвөөс 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байна. Тодруулбал, Сайнцагаан сумын Мандал сургууль спортын шинэ зал, Дэлгэрхангай сум 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад хүлээн авсан бол Сайхан-Овоо сумын сургуулийн сурагчдын дотуур байр, Сайнцагаан сумын 4- р цэцэрлэгийн засвар тохижилтыг хийж дуусчээ.

Багшлах боловсон хүчний хувьд бүрэн хангагдсан. Нийт ЕБС- ын 530, цэцэрлэгийн 150 багш шинэ хичээлийн жилийн ажлаа эхлүүлж байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ