Цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн 3D цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-01 15:22:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 51 байршилд энэ онд 235 мянган цэцгийн мандал, 7 байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316 мянган цэцэг тарина.


Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, олон аж ахуйн нэгж байгууллагыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах тухай санал солилцох уулзалтын үеэрээ танилцууллаа.


Худалдаа үйлчилгээний байгууллага, 9 дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулж, гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах юм. Цэцгийн аж ахуйг хөгжүүлэх, загвар шийдлийг нь олон улсын жишигт хүргэх, цэцгийн төрөл, зүйл тоо хэмжээг иргэдэд сурталчлах үзэсгэлэн, сургалт, зөвлөгөө өгч, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


М.Баяраа цааш нь ярихдаа, “Улаанбаатар хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн жишигт хүрсэн хотуудынхаас 2-3 дахин бага, үүнийг дагаад тоосжилт, орчны бохирдол, дуу чимээ ихтэй. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, нийслэлд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэхэд тэдний оролцоог хангах, санал солилцох, худалдан авалтыг ил тод, нээлттэй, шуурхай байлгах үүднээс уулзалт зохион байгуулж байна. Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ онд Улаанбаатарт зохион байгуулах тул хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэхэд онцгой анхаарна. Тухайлбал, 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийнэ. Хотын төвөөс гадна алслагдсан бүс, гэр хороололд ногоон байгууламжийг нэмж, хашаандаа мод бут тарьсан өрхийг урамшуулна. УБЗАА дэргэдээ Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвтэй. Төвөө түшиглэн судалгаа, туршилт хийх, мөн Ах дүү хотуудын ургамал судлалын хүрээлэнтэй хамтран ажиллаж, манай нөхцөлд сайн ургах сорт гарган авах, тарихаар төлөвлөөд байна” хэмээв.


 “Талын хүч” ХХК-ийн захирал Л.Моломжамц, “Манай компани 2008 оноос хот тохижилтын салбарт ногоон, байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийж байна. Ногоон байгууламж нэмэгдүүлээд, зөв арчилбав гудамж, талбайн тоосжилт, шороо эрс багасна” гэсэн юм.


УБЗАА цаашид Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийн үйл ажиллагааг түшиглэн нийтийн эзэмшлийн цэцэрлэгт байгууламжийн цэцгийн нөөц, суулгацыг 100 хувь хангах бодлого баримталж байна. Мөн цэцгийн төрөл, зүйл, сорт нэмэхээр мэргэжлийн байгууллага, Олон улсын ботаникийн цэцэрлэгийн холбоо,  эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ