ДУНДГОВЬ: "Музейн нээлттэй өдрүүд"-ээр "Нандин шүтээн" үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-03 14:04:01
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Музейн нээлттэй өдөр”-өөр Дундговь аймгийн Музей “Нандин шүтээн” үзмэрүүдээ дэлгэн олон нийтэд таниулж байна.

Соёлын сайдын тушаалаар 3 дугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарлаж, эдгээр өдрүүдэд аймгийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, “Нандин шүтээн” үзэсгэлэн гаргаж, лекц сонордуулж, уламжлалт ёс, зан заншил, тоглоом наадгайг сурталчлан таниулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгүүд хуваарийн дагуу хүүхдүүддээ музей үзүүлж байна.


Тус үзэсгэлэнд Жанрайсиг, Мэгжид жанрайсиг, Чагдаг Жандан Жанрайсиг, Жүжигшал Жанрасиг, Чагш Жанрайсиг болон 21 дара эх, Дара эхийн цогшин, Цагаан дара эх, Ногоон дара эх зэрэг бүтээлийг толилуулжээ.

Дундговь аймгийн музей нэн эртний хүрэл зэвсгийн үе, Их Монгол Улс, аймаг, сумдын түүх, дуу хуур, алдартан, мал аж ахуй, Монголын уламжлалт тоглоом, угсаатны зүй, эрдэмтэн судлаачид, ан амьтан, ашигт малтмалын үзмэрийн танхимуудтай.


Тус музей урлаг, уран сайхны, угсаатны зүйн, шашны, археологийн, байгалийн, палентологийн, түүхийн холбогдолтой нийт 5000 гаруй үзмэртэй.

Аймгийн музей хүрлийн үзмэрээр баялаг. Тус музейд МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарагдах хүн төрөлхтөний түүхийн чухал үеийг харуулсан 800 орчим хүрлийн олдвор байдаг ба хүрлийн цуглуулгад амьтны загварт хүрэл, унжлага, хүрэл сум, хүрэл хутга, олом, арал, ахуйн хэрэглээний хүрэл эдлэл хадгалагддаг.


Мөн Боржгон сэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай эрээн гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд орсон Тугалын бүлээний солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой шүрэн хөөрөг, XV-XIX зууны үед хийсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар, гавьяат түүхт хүмүүсийн эдэлж байсан эд зүйл, Их номч, түүхч, шашны тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей гээд сонирхолтой үзмэрүүд тус музейд бий.




Холбоотой мэдээ