ЗАВХАН: Ойн туруутан амьтдад зориулж өвс хужир тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-03 15:40:13

Улиастай /МОНЦАМЭ/. Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт биотехникийн арга хэмжээ явуулж, өвс хужир тавьжээ.

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газраас Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэрийн эх, Гялгар хэсэгт ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээ явууллаа. Тухайлбал, Гялгарын эхний Нам нүүр хэмээх газарт ойн туруутан амьтдад зориулж, 20 боодол өвс, 300 кг хужир таввьсан байна.


Энэ цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камерыг мөн байршууллаа. Энэ үеэр Битүүтийн ам Зүрхийн өвөлжөөнд гурван согоо ажиглагджээ.


Мөн хугацаанд Битүүт, Ногоон нуур, Идэрийн эх, Гялгарын эх, Сэтэрхий, Баян, Хөх хад, Овоот зэрэг газраар хяналт шалгалт хийж, малчид, иргэдэд тусгай хамгаалалттай газар нутгийн журам болон ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, амьтдын орчныг тэтгэхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага болон заавар зөвлөмжийг өглөө гэж Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газраас мэдээлэв.

/Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн аймгийн БОАЖГ-аас сумдын ЗДТГ-тай хамтран жил бүр зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулдаг байна/

/Хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтдад тарга хүч авах нөхцөл бүрдүүлэх зорилгоор хийж байгаа энэ ажил нь амьтдын өсөлт, тоо толгойг нэмэгдүүлэхэд давхар ач холбогдолтой байдаг байна/

/Сүүлийн жилүүдэд нутгийн иргэд янгир ямаанд зориулж биотехникийн арга хэмжээ авсны үр дүнд янгир ямааны тоо толгой өссөн юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв/

/Сонгино сумын Баян-Айраг багийн Ширээгийн ам болон дөрвөн багийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтдад зориулж өвс, хужир, тэжээл тавьсан байна/.

Холбоотой мэдээ