ДУНДГОВЬ: “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-15 14:54:56
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Орон даяар 3 дугаар сарын нэгнээс зохион байгуулж буй "Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аянд Дундговь аймаг нэгдэж, нээлтээ хийлээ.

Таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөлийг бууруулах, сэргийлэх зорилго бүхий тус аяныг аймгийн ЗДТГ, ЭМГ, Биеийн тамир спортын газар, “Шонхор" фитнес клуб хамтран зохион байгуулж байна.  

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Монгол Улсын 15-69 насны хүн амын 21,9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52,4 хувь нь ажлын байрандаа, 48,2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна.

Хүн амын нас баралтын зургаан хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3,4 цаг зарцуулдаг гэжээ.

"Үндэсний хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, үүнээс 18.5 хувь нь таргалалттай байгааг тогтоосон. Насны бүлэг ахих тусам илүүдэл жин ба таргалалт нэмэгдэж байна" гэдгийг мөн мэдээлсэн юм.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсролыг тасралтгүй олгож, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэхүү бодлогын хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт ч нийгмийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах асуудлуудыг мөн тусган хэрэгжүүлж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.

2022 онд тус аймгийн хэмжээнд нас баралтын 237 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн шалтгааныг авч үзвэл 27,0 хувь нь хорт хавдрын улмаас нас барсан байна.

Халдварт бус өвчнийг үүсгэж буй анхдагч хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт зэрэг завсрын эрсдэлт өвчлөлийг бий болгож улмаар нас баралтад хүргэдэг.

Дундговь аймгийн хэмжээнд хүн амын дундаж наслалт 74,7 байгаа нь улсын дунджаас 4 орчим насаар өндөр байдаг. Гэхдээ тус аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8 орчим насаар бага байгаа юм.   

Таргалалт, амьдралын буруу дадал зуршлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх нь чухал гэдгийг “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг зохион байгуулагчид иргэдэд уриалжээ. 

Холбоотой мэдээ