ЗАВХАН: Суралцагч Онолбаатарын Одбаяр олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-17 12:21:59

Улиастай/МОНЦАМЭ/.“Русский Дом”-ын салбар Завхан аймаг дахь Орос хэлний төвийн сонсогч залуу уншигчдын олон улсын уралдаанаас шагнал авчээ.

Залуу уншигчдын Живая классика буюу "Амьд яруу найраг" уран уншлагын олон улсын уралдааны Монгол дахь шалгаруулалтад Завхан аймаг дахь Орос хэлний төвийн сонсогч, дөрвөн суралцагч амжилттай оролцлоо.


Энэхүү уралдаан нь Оросын сонгодог болон орчин үеийн зохиол бүтээлийг сурталчлах, уран сайхны үгийн төрлийг эзэмшдэг авьяаслаг жүжигчдийг тодорхойлж гаргаж ирэх, дэмжих, урамшуулах. Орос хэлний баялаг үгсийн сан, утга зохиолын өвтэй танилцуулах. Уран сайхны үгийн төрөлд олон нийтийн анхаарлыг хандуулах.

Ялангуяа хүүхдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, уншигч хүүхдүүдийн хүрээг тэлэх. Гэр бүлийн уншлагын уламжлалыг сэргээх, хүн амын бичиг үсгийн түвшнийг нэмэгдүүлэх, авьяаслаг хүүхдүүдийг хайх, дэмжих зорилготойгоор 10 дахь жилдээ зохион байгуулагджээ.


ОХУ-аас жил бүр зохион байгуулдаг энэхүү олон улсын тэмцээнд 10-17 насны 2.5 сая хүүхэд оролцдог аж. ОХУ-ын 80 бүс, дэлхийн 80 орны хүүхдүүд оролцдог томоохон тэмцээн юм.

Энэхүү уралдаанд Завхан аймгаас жил бүр хүүхдүүд оролцож эхний гурван байрт шалгарч, амжилт үзүүлдэг. Энэ жилийн тэмцээний нэгдүгээр шатанд Орос хэлний төвийн сонсогч дөрвөн суралцагч амжилттай оролцлоо. Тодруулж хэлбэл Жавхлант цогцолбор сургуулийн 10-р ангийн суралцагч О.Одбаяр, Дэвшил сургуулийн 8-р ангийн суралцагч А.Уламбаяр, мөн сургуулийн 10-р ангийн суралцагч А.Лхагважаргал, 9-р ангийн суралцагч Н.Наранцэцэг нар амжилттай оролцож "Диплом"- оор шагнууллаа.  


/Улиастай сумын Дэвшил сургуулийн 9-р ангийн суралцагч Ням-Очирын Наранцэцэг Т.Щербакова" Вам и не снилось буюу "Зүүдэнд оромгүй явдал" зохиолоос уншжээ/


/Улиастай сумын Дэвшил сургуулийн 10-р ангийн суралцагч Алтангэрэлийн Лхагважаргал Т.Михеева-ийн "Янка" зохиолоос уншжээ/


/Улиастай сумын Дэвшил сургуулийн 8-р ангийн суралцагч Амарсанаагийн Уламбаяр Б.Полевойн "Повесть о настоящем человеке" буюу "Естой хүний тууж" зохиолоос уншжээ/

Харин Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн 10-р ангийн суралцагч, Орос хэлний төвийн сонсогч Онолбаатарын Одбаяр Борис Васильевийн  "Үүрэг хүлээсэн цагт” зохиолын хэсгээс уншиж, хоёрдугаар шатанд оролцож гуравдугаар байрын шагналыг хүртлээ.

Ингээд, суралцагч О.Одбаяр нь "Амьд яруу найраг" залуу уншигчдын олон улсын шалгаруулалтад оролцох эрхээ аваад байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад нийт 20 суралцагч шалгарснаас, 19 суралцагч нь Орос Монголын 3-р сургуулийн, багаасаа орос хэлээр дагнан суралцсан унаган орос хэлтэй хүүхдүүд байсан. Харин манай суралцагч О.Одбаярын тухайд 6-р ангиасаа эхлэн, Орос хэлний төвд суралцаж, жил бүр орос хэлний аймаг, бүс, улсын уралдаан тэмцээнүүдэд амжилт үзүүлж байгаа суралцагч юм. Тэрээр олон улсын Артек зусланд болох дараагийн шат буюу олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөх юм гэж Завхан аймаг дахь Орос хэлний төвөөс мэдээлэв.


“Русский Дом”-ын салбар Завхан аймаг дахь Орос хэлний төв нь 2016 онд байгуулагдсан бөгөөд, өдгөө тус төвд 5-17 насны 20 гаруй хүүхэд суралцаж байна.

Тус төвийн сонсогч хүүхдүүдээс ОХУ-ын энгийн их дээд сургууль болон цэргийн их дээд сургуульд суралцаж байгаа аж. Тодруулбал, 26 хүүхэд нийт тэтгэлэгт хуваарьт хамрагдсан бөгөөд, өнөөдрийн байдлаар Москва, Калининград, Кызыл хотуудад 10 хүүхэд суралцаж байна. Мөн Улаанбаатар хотод Г.В.Плехановын нэрэмжит сургуульд дэвшин суралцаж байна. 

ОХУ-ын 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа эдгээр суралцагчид нь баруун бүс, болон улсын томоохон тэмцээн уралдаануудад тэргүүлж, бүсийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн суралцагчид бөгөөд өнөөдрийн байдлаар таван суралцагч их дээд сургуулиа амжилттай дүүргээд иржээ.

Холбоотой мэдээ