ГОВЬ-АЛТАЙ: Анагаах ухааны сургуульд 300 гаруй казах оюутан суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-22 12:26:58

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуульд 300 гаруй казах оюутан суралцаж байна.


Тус аймаг дахь Анагаахын сургууль нь өөрийн аймаг төдийгүй баруун бүсийн Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 60 гаруй жилийн тэртээгээс бэлтгэж ирсэн түүхтэй. Өдгөө тус сургуульд 1000 оюутан суралцаж байгаагаас 300 гаруй нь Баян-Өлгий аймгийн казах оюутан байгаа тухай тус сургуулийн оюутны албанаас мэдээлэв.

Түүнчлэн жил бүр Баян-Өлгий аймгаас 60-100 оюутан Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуульд элсдэг бөгөөд тэд их эмч, сувилагч, сувилахуй, лабораторийн техникч, уламжлалт анагаах ухааны сувилагч, эм зүйч гэх мэргэжлүүдийг сонгон суралцаж байгаа тухай онцоллоо.

 

Өнөөдөр Казах түмний үндэсний Наурыз баяр тохиож байна. Жил бүрийн Наурыз буюу нарны баярыг тохиолдуулан сургуулийн захиргаа, оюутны албанаас казах оюутнуудад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Энэ жилийн тухайд өглөө оюутнуудаа хүлээн авах, дурсгалын зураг татуулах, анги бүр казах оюутнууддаа дурсгалын зүйлс гардуулах, хүндэтгэлийн хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.


Гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг энэ өдрийг шинэ он гарч, хаврын улирал эхэллээ гэж үздэг билээ. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэж байжээ.

Холбоотой мэдээ