ХЭНТИЙ: Энэ онд 200 га талбайг ойжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-22 11:09:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2023 онд ойжуулах шаардлагатай 200 га талбай байна.

"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн доройтолд орсон болон хортон шавжид өртсөн талбай, нөхөн сэргээх шаардлагатай газрын мэдээлэл, судалгаанд үндэслэн зураглал гаргах, зураг төсөв хийх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлжээ.

Энэ хүрээнд Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр, Дадал, Норовлин, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баян-Адарга зэрэг найман сумын 222.5 га талбайд ойжуулалт хийж, 442,6 мянган ширхэг нарс, шинэсний тарьц тарьж, ойн санг 0,03 хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн Хэрлэн, Баянхутаг, Мөрөн, Галшар, Жаргалтхаан, Баянмөнх, Бор-Өндөр, Цэнхэрмандал, Бэрх тосгонд хамгаалалтын ойн зурвасыг нийт 18 га талбайд шинээр байгуулж 38,1 мянган мод тарьсан байна. Түүнчлэн Ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр 127 га  талбайг ойжуулжээ. 

Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Цэнхэрмандал сум дундын ойн ангийн хоёр мод үржүүлгийн газрыг 15 га-аар өргөтгөн, 5750 м хашаа барьж, дөрвөн ойн ангид шаардлагатай 10 нэр төрлийн 27 ш тоног төхөөрөмж нийлүүлж, таван худгийн цооног гаргах, 20 га талбайн хөрс хагалах, бутлах ажил болон Биндэр сумын Боргоцой цехийн засварыг хийсэн талаар 2022 оны тайланд дурджээ. 

Дадал, Баян-Овоо, Дэлгэрхаан, Баянмөнх, Хэрлэн, Норовлин зэрэг зургаан суманд нийт 10,1 га мод үржүүлгийн газрууд шинээр байгуулсан. Эдгээр мод үржүүлгийн газрууд болон ойн ангиуд, нөхөрлөл, ААН-үүд нийтдээ 1,2 сая гаруй тарьц суулгац бэлтгээд байна. 

Нөхөрлөл, ААН, Ойн ангиуд шилмүүст модны 78 кг, навчит модны 116,6 кг, ОНХС-гийн хөрөнгөөр шилмүүст модны 47 кг, навчит модны 13 кг, нийт 254,6 кг үр нөөцлөөд байна. Хаврын тариалалт удахгүй эхэлнэ. 

 

Холбоотой мэдээ