ЗАВХАН: Сургуулиуд дээрх аюултай хог хаягдлыг бүртгэж устгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-23 16:52:03

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг аюултай хог хаягдлын тооллого хийж, хог хаягдлыг стандартын дагуу устгах, зайлуулах, тээвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийжээ.   


Хог хаягдлын тухай хуульд зааснаар “аюултай хог хаягдал” гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдал юм. Энэ нь аюултай хаягдлыг шинж чанараар нь ангилж буй хэрэг юм. 


Аюултай хог хаягдлын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, судалгаа мэдээллийг нэгтгээд байна. Аймгийн хэмжээнд нийт найман эх үүсвэрээс 33 нэр төрлийн аюултай хаягдал үүсч байгааг тогтоожээ. Эмнэлгийн хог хаягдал аюултай хог хаягдалд тооцогддог. 



Аймгийн хэмжээнд, эрүүл мэндийн байгууллагаас үүсч байгаа аюултай хаягдлыг цуглуулах, устгахад тусгай шаардлага тавигддаг халдвартай хаягдал 11.93 тн байна.

Хортой бодис агуулсан химийн бодисын хаягдал гэхэд 1.32 тн, эсэд хортой нөлөөтэй хог хаягдал (Цитотоксик, цитостатик эм гэх мэт) 1.87 тн, шүдний эмнэлгийн амальгам хаягдал 0.4 тн, хурц иртэй үзүүртэй хог хаягдал гэхэд 0.025 тн бүртгэгдлээ. Эмнэлгүүд хогоо цуглуулан, ангилан ялгаж, аюултай хог хаягдлыг түр хадгалах байр эсвэл түр хадгалах цэгтээ хадгална. Хадгалж байгаа хогийг Эрүүл мэндийн сайдын А/505 дугаар тушаалд зааснаар 24-72 цагт БОАЖЯ-наас аюултай хог хаягдлыг тээвэрлэх, боловсруулах, устгах тусгай зөвшөөрөл авсан компани эсвэл, ангилан ялгах цэгт ариутган, бутлаад шатаах эсвэл булж устгадаг.

Тиймээс хог хаягдлыг ялган ангилахаас эхлээд тээвэрлэх, ариутгах, устгах үеийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмж, хог хаягдлыг түр хадгалах цэг болон түр хадгалах байр болон тэнд ажиллаж буй боловсон хүчний мэдлэг нь ямар байна. Хэдий хэмжээний хатуу, шингэн хог хаягдал гарч байна, яаж саармагжуулж байгааг нь судалж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна.


/Эмнэлгийн хог хаягдал устгах технологийн ерөнхий зарчим/


Үйлдвэрлэлийн хаягдал ч мөн аюултай хог хаягдалд багтдаг

Бидний сайн мэдэх будаг, лак, маажин, каучук, цавуу, зэс, цайр, хүнцлийн хаягдал, хар тугалга, цианит зэрэг багтана. Эдгээр хог хаягдал бараг л бидний өдөр тутамд таардаг. 

Гэрийн гадаа хүртэл асгарсан байдаг шатахуун, автомашины засварын газруудын орчим асгарсан тос, энгийн хэрэглээнд өдөр тутам хэрэглэдэг гар чийдэнгийн батерей, хуруу зайнууд, хог дээр хаягдсан компьютер, зурагт, хөргөгч хог, автомашин, мотоциклийн аккумлятор зэрэг нь аюултай хог хаягдлын тоонд багтана.   


Завхан аймгийн хэмжээнд авто засвар, шатахуун түгээх станцаас үүсч байгаа аюултай хаягдал гэхэд, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны бусад тос 4.5 тонн. Хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны хлор агуулсан эрдсийн тос гэхэд, 2 тн, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны нийлэг тос 1.2 тн, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны хлор агуулаагүй эрдсийн тос 61.9 тн байна.


Мөн био задралд түргэн ордог хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тос 0.65 тонн. Хортой бодисын үлдэгдэл агуулсан эсвэл бохирдсон сав баглаа боодол гэхэд 15030 ширхэг, тосны шүүр 6571 ширхэг, хар тугалгатай батерей, аккумлятор 1798 ширхгийг тоолжээ.

Түүнчлэн дулаан үйлдвэрлэгчээс үүсч байгаа хяналттай хаягдал гэхэд, нүүрсний дэгдэмхий үнс 12031 тонн байна. Ахуйн бохир усны цэвэрлэгээний лаг 50 тн, хортой бодис агуулсан хэвлэлийн хорны хаягдал (картрижийн хамт), принтерийн хорны үлдэгдэл агуулсан хаягдал гэхэд 3990 ширхэг бүртгэгджээ.

Мөн үеэр уул уурхайн үйл ажиллагаанаас гарч байгаа аюултай хаягдлыг тоолж бохирдсон хөрсний мэдээллийг шинэчилсэн. Аймгийн хэмжээнд хортой бодис агуулсан хөрс, чулуу 11.4 тн бүртгэгдээд байна.

Аюултай хог хаягдлын тооллогоор, ашиглалтын шаардлага хангахгүй, хугацаа дууссан, нэр хаяггүй, шинж чанар нь өөрчлөгдсөн химийн хорт болон аюултай бодис, түүний сав баглаа боодлыг ачиж зайлуулах, устгах, тээвэрлэх ажлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгсөн.


Аюултай хог хаягдлын онцгой нэг төрөл бол химийн бодис

Завхан аймгийн ерөнхий боловсролын 24 сургуульд ашиглалтын шаардлага хангахгүй, хугацаа дууссан, нэр хаяггүй, шинж чанар нь өөрчлөгдсөн химийн хорт болон аюултай бодисыг зайлуулах, тээвэрлэх, устгах чиг үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Энэ ажлын баг сургуулиуд дээр очиж ажиллаад, нөхцөл байдалтай танилцан, тооллого судалгааг хийж холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан байна.

Ерөнхий боловсролын 29 сургуулиас 5 сургууль химийн кабинетгүй байсан. Эдгээр сургуулиуд дээр хадгалагдаж байгаа химийн бодис урвалжгүй, 24 сургууль ашиглалтын шаардлага хангахгүй, нэр томьёо тодорхойгүй, хугацаа дууссан химийн бодис болон тэдгээрийн сав баглаа боодлыг хадгалаж байсан.

Ингээд 965 нэр төрлийн, давхардсан тоогоор 31.658 л шингэн, 264.178 кг хатуу, 1293 химийн шил сав, бодистой болон хоосон сав, 74 хайрцаг бодисыг хураан авч, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд аюултай хог хаягдлыг устгах “Түмэн эгшиг” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Өнгөрсөн онд, малын гоц халдварт өвчнөөр эндэж устгалд орсон 1543, тохиолдлоор эндсэн 332 малын сэг зэмийг устгажээ. Мөн 800 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгасан бөгөөд, 7384 нүхэн жорлонгийн 45436,148 м2 талбайг ариутгасан байна.


Хог хаягдал орчны бохирдлыг бууруулах талаарх сурталчилгаа, мэдээллийг орон нутгийн төрийн бус байгууллагууд хамтран идэвхтэй явуулсны дүнд иргэдийн хогоо хэрхэн ангилж ялгаж хаях дадал, хогийн талаарх мэдлэг мэдээлэл сайжирчээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо НҮТББ-ын Завхан салбар, Өрнөх хөгжил, Туна тэргэл сан ТББ-ууд сүүлийн хоёр жилд нөлөөлөл, сургалтыг давхардсан тоогоор 30 гаруй удаа зохион байгуулж, 3600 гаруй хүүхэд, залуучууд, 1800 гаруй насанд хүрэгчид, 200 гаруй шийдвэр гаргах түвшний удирдлагууд хамрагджээ.

Харин аймгийн БОАЖГ-аас хог хаягдал орчны бохирдлыг бууруулах талаар 33 ширхэг самбарыг шинээр байршуулжээ. Хог хаягдал зориулалтын бус хаясан, асгасан 12 удаагийн зөрчлийг арилгуулж, заавар зөвлөмж өгч ажилласан байна.


Манай улс жилд 1.4 сая тонн хог хаягдлыг бий болгодог. Үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна. Гэвч эдгээр хог хаягдлыг дахин боловсруулах бус байгальд ил хаяж эсвэл хөрсөн дор булсаар байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байна.



Монгол Улсын хог хаягдал 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21 хувиар өсөх тооцоолол байгаа аж. Ийм хэмжээний хог хаягдлаа бид хөрсөн дороо булж ил задгай хаяхгүй байх боломжийг илэрхийлсэн шинэ төхөөрөмжийг өнгөрсөн онд танилцуулсан. Бүх төрлийн хог хаягдлыг өндөр температурт шатааж устгах технологийг “Ногоон санхүүжилт” чуулганы үеэр “Технологи бридж” компани танилцуулсан байна. Энэ зуух нь аюултай хог хаягдлыг ч өндөр температурт шатааж үлдэгдэлгүй устгах хүчин чадалтай аж.  

Холбоотой мэдээ