ХОВД: Г.Эрдэнэбаяр Ховдоос Хөвсгөл аймаг хүртэл унадаг дугуйтай аялал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-28 11:12:14

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн иргэн, дугуйтай аялагч Г.Эрдэнэбаяр 4 дэх удаагаа алсын замд гарах гэж байна.   


Тэрбээр
анх 2020 онд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Алтай таван богд хүртэл, 2021 онд Ховд аймгийн Цамбагарав уулаас Дорнод аймгийн Буйр нуур хүртэл унадаг дугуйтай аялж, 3000 гаруй км замыг туулсан.

Мөн 2022 оны тавдугаар сард Улаанбаатар хотоос Ховд аймаг чиглэлд унадаг дугуйтай аялал хийж байжээ. Тэгвэл Г.Эрдэнэбаярын 4 дэх аяллын маршрут нь ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Ховд аймгийн төв, Музейгээс Хөвсгөл аймаг чиглэлд 1100 км замыг туулах юм.

 

Дугуйтай аялагч Г.Эрдэнэбаяр алс холын замд гарахдаа Монгол орны газар нутгийг говь, хангайн бүс, алтайн нуруу гэх мэт бүсчлэн үе шаттай явж байна. Тэрбээр байгалийн үзэмж, өвөрмөц тогтоцыг сонирхохоос гадна замдаа аймаг, сумдын хөшөө дурсгал, музейн үзмэрүүдийг үзэж сонирхох аж.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжиж, орон нутагт унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, энэ төрлийн аяллыг иргэд олон нийтэд сурталчлах, хамгийн гол нь эрүүл мэндээ хамгаалах зорилгоор энэ онд 3 удаа унадаг дугуйтай аялал хийнэ гэж Г.Эрдэнэбаяр хэллээ.

Дугуй унах нь хүний эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чухал ач тустай. Дугуйн спорт бол эрүүл мэнд, эрч хүч, аялал, амралтыг нэг дор цогцоор нь бүрдүүлж өгдөг аж.    

.

 

Холбоотой мэдээ