Удахгүй 3 метр өндөр шатраар наадах нь ээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-29 16:03:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр тун сонирхолтой нэгэн хэвлэлийн хурал болсон юм. Энэ нь 3 жил дараалан “Бөртэ Чоно” наадмын шилдэг холбоогоор шалгарч байсан Монголын Шатрын холбоо, 2012 оноос хэвлэл мэдээлэл, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн “Тэнгэрийн Түүх медиа” групптэй хамтран “Шатрын хүрээлэн” төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа зарласан явдал юм.


Хэвлэлийн хуралд “Тэнгэрийн Түүх медиа” ХХК-ийн захирал Ж.Батбаяр, МШХ-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, “Шатрын хүрээлэн” төслийн продюсер Р.Хонгорзул нар оролцлоо.


Тэдний мэдээлснээр, “Шатрын хүрээлэн” төсөл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад нэвтрэн хэрэгжих шинэ ТВ хөтөлбөр болох юм байна. Хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай гэхчилэн орон зайн алинд ч хувиран тоглож болох томсгосон хэлбэртэй шатраар өрсөлдөнө гэсэн юм.


UG arena” хүрээлэнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа уг төслийг Монголын телевизүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тус тус нь 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг 15х15 минутын хугацаатай тоглох 3 метр хүртэлх өндөртэй шатрыг бид удахгүй дэлгэцнээ харж, даган тоглох цаг ирэх нь ээ.


Мөн "Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Монгол Улсад 5 дугаар сард айлчлах бөгөөд “Шатрын хүрээлэн” төсөлтэй хамтын ажиллагааг эхлүүлэх болно. Ингэснээр Дэлхийн 10 улсад эхний ээлжинд уг төслийг нэвтрүүлж, Монголоос анхны ТВ контент гадаад улсад нэвтрэх болно” гэдгийг мэдээллээ.


Сүүлийн үед оюун ухааны спортод монголчууд анхаарал их хандуулдаг болсон гэдгийг МШХ-ны удирдлагууд онцолж байв. Тухайлбал, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 350 орчим багачууд тогтмол оролцдог байсан бол өнгөрсөн жил 730 орчим хүүхэд оролцож, оюун ухаанаараа өрсөлдсөн байна.


Насанд хүрэгчдийн УАШТ энэ жил Ховд аймагт тавдугаар сарын 19-31-ний өдрүүдэд явагдахаар болжээ.

Холбоотой мэдээ