Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий дуулиан үргэлжилсээр...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-30 12:09:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн эмэгтэйчүүдийн ДАШТ олны анхаарлаас тийм ч хурдан салахгүй нь бололтой.

Шагналын сангийн хувьд урьд байгаагүй өндөр буюу түрүүлсэн тамирчин 100 мянга, мөнгөн медаль 50 мянга, хүрэл медаль хүртвэл 25 мянган ам.доллар авах болзолтой байсан. Тийм болохоор өрсөлдөөн ч их байх нь мэдээж. Гэтэл шагналын дүнгээс илүүтэй анхааралд өртсөн өөр нэг зүйл нь оролцсон тамирчдын хүйсийн асуудал байв.


Энэтхэгт өндөрлөсөн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д ХY‑хромосомтой хэд хэдэн тамирчин оролцсоныг илрүүлж, тэмцээнээс албан ёсоор хассан байна. Шалтгаан нь эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох ёсгүй эрэгтэй хромосомтой тамирчид байсан учраас тэр. Алжирын Иман Хелифийг финалын тоглолтын өмнө хассан бөгөөд тэр алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдах ёстой байлаа. Шинжилгээгээр Иманы гормоноос тестостерон их хэмжээгээр илэрчээ.


Иман “Гадаад төрхөөр минь хүмүүс намайг маш их ад үздэг байсан. Би эсэргүүцэн тэмцсээр ирсэн ч тэдний хуйвалдаан өнөөдөр яллаа. Үнэхээр шооконд ороод байна. Би маш олон тэмцээнд оролцож байсан, ямар ч өөрчлөлт илэрч байгаагүй. Дэлхийн аварга болох боломж минь өндөрсөөд ирэхэд тэд намайг хасчихлаа” гэж гомдол тавьсан юм.


Тайвань арлын Линь Юй‑Тин хагас шигшээд Казахстаны тамирчинд ялагдаад, хүрэл медаль авах болсон ч шагнал гардуулах ёслол болоход тавцан дээр Болгарын тамирчин гарч ирсэн юм. Учир нь Юй-Тин мөн л шинжилгээнд бүдэрсэн байжээ.


Энэ талаар Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлев “ДНК шинжилгээний дүнд өөрсдийгөө эмэгтэй гэж хуурамчаар мэдүүлж, бусад тамирчныг хуурах гэж оролдсон тохиолдол хэд хэд гарлаа. Генийн тестээр тэд ХY‑хромосомтой нь батлагдсан. IBA холбоо шударга, ил тод спортын төлөө байдаг” гэж тайлбарлажээ.

 

Мөн ОХУ-ын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Татьяна Кириенко “Матч ТВ”-д ярилцлага өгөхдөө 63 кг-ын жинд түрүүлсэн Хятадын тамирчныг сэжиглэж байгаагаа илэрхийлсэн байна. Ян Чэнъюй финалд Оросын Наталья Сычуговаг ялсан.    


Кириенко “Маш төвөгтэй асуудал. Иман Хелиф 1/8 финалд манай Азалия Аминеваг ялсан. Үнэхээр гомдолтой байна. Наталья Сычуговад ч харамсалтай байгаа. Бид сэжиглэж байна. Хятадын тамирчин. Түүнийг эмэгтэй биш хэмээн сэжиглэж байна. Энэ хятад тамирчныг өсвөрийн болон залуучуудын тэмцээн дээр огт харж байгаагүй. Тэр насанд хүрэгчдийн тэмцээнд хаанаас гараад ирэв? Тамирчид багаасаа тэмцээн уралдаанд өрсөлдсөөр нэг нэгнээ мэднэ. Харин Ян Чэнъюй солир буусан мэт л гэнэт гараад ирлээ. Боксоос бусад спортод ч ийм асуудал байна. Олон улсын боксын холбооноос мэргэжлийн шинжээч нартай цуг дүрэм журам тогтооно гэдэгт итгэж байна” гэж ярьсан байна.

Холбоотой мэдээ