“Бяцхан эмч” хөтөлбөрийг 57 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-03-30 15:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс санаачлан хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийн нээлт Баянгол дүүргийн 11-р хорооны 57 дугаар цэцэрлэгт боллоо.


Хөтөлбөрийн хүрээнд ахлах, дунд, бэлтгэл бүлгийн хүүхдүүд клубийн эмчээр бэлтгэгдэж, бусад үе тэнгийн хүүхдүүддээ эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомын аргаар түгээх юм. “Бяцхан эмч”-ийг гар, шүд угаах болон миний биед үл хүрэх дүрэм, миний биеийн аюулгүйн дүрэм, сэтгэл зүйн карт зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд бэлтгэнэ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зөв зохистой хооллолт, хоолны эрүүл ахуй болон орчны эрүүл мэндийн үнэлгээ зөвлөмж, сургалтыг багш, ажилчид болон эцэг эхчүүдийн дунд хийхээр төлөвлөжээ.

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг “Бяцхан эмч” төслийг 2017 оноос эхэлсэн бөгөөд одоогоор Төв аймаг, Орхон аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Архангай Хашаат сумын цэцэрлэгт тус тус амжилттай хэрэгжүүлж байна. 

Холбоотой мэдээ