Төрөх үеийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахад нөлөөлөх сургалт боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2016-09-05 12:25:14

Онол, дадлага хосолсон сургалт нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч бага эмч нарын зүгээс үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахад нөлөөлнө хэмээн үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч бага эмч нарыг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, мэдлэг арга зүйн дэмжлэг үзүүлэх” сэдэвт онол, дадлага хосолсон вакумжуулсан сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Уг сургалт нь Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/299 тоот тушаалыг үндэслэн 14 хоногийн хугацаанд 6 ээлжээр 108 цагийн хичээлээр зохион байгуулагджээ. Сургалтанд Сэлэнгэ аймгийн бүх шатны эмнэлгүүдээс эх барих эмэгтэйчүүдийн эмч хоёр, эх баригч бага эмч 34 хамрагдсан байна.

Тус вакум сургалтын чиглүүлэгчээр Улаанбаатар хотын Амгалан амаржих газрын ЖЭЭТ-ийн тасгийн эрхлэгч Б.Даваацэцэг, аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд мөн аймгийн НЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч бага эмч нар ажилласан байна. Энэхүү сургалтаар эх хүүхдийн эндэгдлийг бууруулах мөн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг зөв төгс хийх, нярайн сэхээн амьдруулалтыг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлж чаддаг болоход сургажээ. Түүнчлэн жирэмсний үеийн тусламж үйлчилгээ, эмч мэргэжилтнүүдийн төрөх үеийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахад нөлөөлөх юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ