Нэг ажлын хэсэг, сонгуулийн хуулийн хоёр төсөл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-04-07 11:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар парламентын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ.


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ажлын хэсгийн ахлагчаар, парламентад суудалтай 3 намыг төлөөлж гишүүн Т.Доржханд /ХҮН/, Л.Мөнхбаатар /МАН/, С.Одонтуяа /АН/, Д.Тогтохсүрэн /МАН/, О.Цогтгэрэл /АН/ нар багтжээ. Ажлын хэсгийн ахлагч, гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлэхээр товлосон байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлгээс тусдаа хуулийн төсөл өргөн мэдүүлнэ гэж хэлснээр түр хойшлогджээ.


Харин 4 дүгээр сарын 5-нд ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар өөр нэг хуулийн төслийг тус тусдаа спикер Г.Занданшатарт өргөн барилаа. Тодруулбал, нэг ажлын хэсгээс, нэг өдөр өргөн барьсан сонгуулийн хуулийн хоёр өөр төслийг нэгтгэж хууль болгон 2024 онд УИХ-ын сонгууль мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах юм байна. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүсжээ.


УИХ-ын сонгуулийн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хуулийн төслүүдийн танилцуулгад, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй хэмээн  онцолсон байна.


Нэг ажлын хэсгийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн хоёр хуулийн төсөлд ижил төстэй олон зүйл заалт байна. Тухайлбал:

  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  • Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах гэсэн ижил заалт зарчим орсон байх жишээтэй. Хуулийн төслийн ерөнхий танилцуулгыг орхиж зарчмын зөрүүтэй байр суурийнх нь талаар дэлгэрүүлье.

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн төсөлд:

  • УИХ-ын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байх,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэжээ.

УИХ-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлд:

  • Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
  • Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн,  
  • Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
  • Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна.

УИХ-ын сонгуулийн хуулийн хосолсон буюу холимог тогтолцоон дээр санал нэгдсэн ажлын хэсгийнхэн пропорциональ оролцооны хэлбэр дээр хоёр өөр байр суурь баримталжээ. Мөн нийт нэр дэвшигчдэд эзлэх нэг хүйсийн хувь дээр өөр өөр байр суурь баримталсан нь дээр авсан ялгаатай зарчмын байр сууриудаас нь харагдаж байна. Эдгээр байр суурийн зөрүүгээс үүдэн нэг ажлын хэсэг сонгуулийн хоёр хуулийн төсөл өргөн барихад хүрсэн бололтой.


УИХ-ын нийт 8 удаагийн сонгуулийн 7 нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онд 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онд олон мандаттай томсгосон тойргоор/ тогтолцоогоор, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор /48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай пропорциональ/ тус тус явуулсан. Гэхдээ 2012 онд намын нэрсийн жагсаалт хаалттай, эмэгтэй эрэгтэй нэр дэвшигчийн нэрсийг хэрхэн байрлуулах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байгаагүй. Тэгвэл сонгуулийн шинэ хуулийн төсөлд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг хуулиар зохицуулахаар тусгажээ.


Ирэх онд болох УИХ-ын сонгууль урьд нь ашиглаж байсан сонгуулийн холимог тогтоолцоог хэрэглэх нь тодорхой боллоо. Харин намын нэрсийн жагсаалтад бичигдэх дарааллаас эхлээд бас л өөр төрлийн шинэ зохицуулалтууд хуульд орох нь тодорхой боллоо. УИХ-ын 2024 оны сонгуулиар шинэ парламент бүрдүүлэх шинэ хуулийг энэ оны 6 дугаар сарын 20 гэхэд батлах ёстой гэж хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн дарга хэлсэн байна. Хууль батлагдсан нөхцөлд сонгуулийн холимог тогтолцооны нэг хэсэг намын жагсаалтын шинэ хэлбэрийг авах бололтой. Хэлбэрийн хувьд танил мэт боловч агуулгын хувьд шинэчлэгдэх “шинэ хууль”-иар хуучин гишүүд дахин хэр зэрэг олон сонгогдохыг хүлээнэ.

Холбоотой мэдээ