ХОВД: Цэцэрлэгийн багш нарыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-06 13:52:26

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжиж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр 40 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 1000 орчим хүн энэ салбарт ажиллаж байна.

Эдгээр багш, ажилтнуудыг чадавхжуулах, бага насны хүүхдийн сэтгэхүйн онцлог, бүтээлч ур чадварт тулгуурлан хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зорилготой багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтуудыг жил бүр үе шаттайгаар танхим болон цахим хосолсон хэлбэрээр хийж ирсэн.

Энэ удаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нэг болон тав, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх танхимын сургалтыг Ховд аймагт зохион байгуулж эхэллээ.

Өнөөдөр сургалтын нээлтийн  үйл ажиллагаанд Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, мэргэжилтэн, аймаг, сумын бүх цэцэрлэгийн багш нарын төлөөлөл 60 гаруй хүн оролцов.   
Сургалтаар боловсролын бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулга хийж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах аргачлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.  

Түүнчлэн судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажилласан сайн туршлага, үйл ажиллагаагаа хуваалцах  бүлгийн ажил зохион байгуулж, өмнө нь цахимаар судалсан мэдлэг, ойлголтоо бататган ярилцаж буй.
Энэхүү сургалт нь цэцэрлэгийн багш нар хоорондоо туршлага хуваалцах, шинэ заах аргатай танилцах боломж олгож байгаагаараа онцлогтой.


Холбоотой мэдээ