ХОВД: Хоёр сурагч Япон улстай танилцах боловсролын аялал хийх эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-06 15:43:35

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт сурдаг 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Япон улстай танилцах боловсролын хөтөлбөр” зарлаж, хоёр  үе шаттай уралдаан зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн нэгдүгээр үе шат нь эсээ бичих уралдаан байсан бөгөөд "үүлэнд нисэж, усанд шумбаж мөрөөд, тэр мөрөөдөлдөө хүрэх эрч хүч, итгэл зоригийг гагцхүү өөрөөсөө л хай" сэдвийн хүрээнд Ховд аймгийн 17 сумаас 187 сурагч оролцож, материалаа ирүүлсэн байна.

Ингээд зохион байгуулагч, мэргэжлийн шүүгчдийн зүгээс тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шилдэг 10 эсээ бичлэгийг шалгаруулжээ.     
Суралцах, хөгжих хүсэл сонирхолтой өсвөр, залуу үеийн төлөөллүүд өнөөдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт цуглаж,  хөтөлбөрийн хоёрдугаар үе шат болох нээлттэй ярилцлагыг өрнүүллээ. 

"Lead Khovd club"-ээс дээрх  хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа ба хоёрдугаар шатанд тэргүүлсэн сурагчдаас 2-ыг нь Япон улс руу аялж,  "Японд өнгөрөөх 7 хоногийн хөтөлбөр"-т  хамрагдах эрхээр шагнасан байна.   

Өөрөөр  хэлбэл,  Прогресс сургуулийн сурагч Б.Ариунзаяа, 6 дугаар сургуулийн сурагч Г.Өнөрсайхан нар 2023 оны 5 дугаар сард Япон улс руу явна. Япон улстай танилцах боловсролын үнэ төлбөргүй аялал хийж, Японы шилдэг сургууль, компани болон үйлдвэртэй танилцаж, олон төрлийн мэргэжлүүдийн талаар судлах аж. Мөн япон сурагчид, тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийж, туршлага солилцох гэх мэт олон талт үйл ажиллагаанд оролцож хөгжих юм.  

Түүнчлэн Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч П.Зоригтбаатар, Булган сумын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Анужин,  Лицей ахлах сургуулийн сурагч Б.Дэлгэрчимэг нар Найрамдал зусланд амрах эрхтэй болжээ.

Холбоотой мэдээ