Эрдэмтэд Говь-Алтай аймагт МАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-10 12:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Говь-Алтай аймгийн ЗДТГ хамтран “Говь-Алтайн хөгжлийн шинэ гарц” эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгаас төрөн гарсан акадeмич, эрдэмтэн, доктор, профeссороос бүрдсэн 100 орчим эрдэмтэн судлаач оролцож, нутгийн хөгжил, хөгжлийн шийдлээр санал солилцож, илтгэл хэлэлцүүлэв. 

Эрдэмтэн судлаачдын хэлэлцсэн гол сэдэв нь Говь-Алтай аймгийг хөгжүүлэх хөгжлийн гарц, малчдыг хэрхэн чинээлэг амьдралтай болгох, ХАА-н, ялангуяа малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн өсгөх вэ гэдэг асуудлыг хөндсөн юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ШУА хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төрийн өмчит их сургуулиудын төлөөлөл болон “Мандах” их сургууль хамтран зохион байгуулав. Хурлын зорилго нь МАА-н гаралтай түүхий эдийг гүн боловсруулдаг үйлдвэрийг Говь-Алтай аймагт байгуулах, түүний ТЭЗҮ-г боловсруулах, мөн Говь-Алтай аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад эрдэмтэн судлаачдыг татан оролцуулахад чиглэж байгаа юм.

Энэ ажил биеллээ олсноор Говь-Алтай аймгийн иргэд, цаашлаад Монгол Улсын ХАА-д оруулж буй томоохон хувь нэмэр, үлгэр жишээ болно гэж зохион байгуулагчид үзэж байна.


Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ, “Бид сүүлийн 30 гаруй жил төлөвлөгөө гэдэг юмнаас цэрвэж ирснийхээ горыг одоо маш сайн амсаж байгаа. Төлөвлөгөө гэж ярихаар социализм гэж ойлгодог, энэ үзэгдэл Монголд одоо улам нэмэгдээд байгаа. Социализм бол төлөвлөгөөтэй байсан. Капитализм бүр илүү төлөвлөгөөтэй байх ёстой. Тэгж чадаж яваа улс өнөөдөр дэлхийн хөгжлийн бүх салбарт манлайлж байна. Хөгжлийн тухай асуудлаа төлөвлөгөөнд үндэслэж яваагүй удсан учраас Монгол орны хөгжлийн асуудал маш ээдрээтэй байгаа юм.  Өнөөгийн нийгэмд яг одоо идэвхтэй ажиллаж байгаа хэсэгт төлөвлөгөө мэдэх хүн цөөхөн үлдсэн. Салбар бүр ямар нэг хэмжээгээр төлөвлөгөө гаргадаг ч тэр ажлыг ердөө аппаратын хүчээр хийдэг гэдэг буруу ойлголт газар авсан. Энэ цаг үед Говь-Алтай аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөө шинжлэх ухааны үндэслэлтэй гаргая гэсэн санал санаачилга гаргаж байгаа нь цоо шинэ хандлага боллоо” хэмээн онцлов.


Хурлын үеэр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, “Сүүлийн 30 жилд Говь-Алтай аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухаанд тулгуурлаж хөгжлийн төлөвлөлт гаргасан газар харагдахгүй байна гэж хэлж болно. Тэр дундаа манай аймгийн хувьд сүүлийн 30 жилийн турш хийсэн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг харахад үнэхээр байгаа оноогүй хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Хүндээ чиглэсэн, эрүүл мэнд, боловсрол, орлоготой байх тал дээр хөрөнгө оруулалтыг төдийлөн хийсэнгүй. Сонгуулийн шоу маягтай, эсвэл хүндээ наалдацгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байна. Тиймээс бид ШУА болон аймгийнхаа нийт эрдэмтэн судлаачидтай хамтран аймгийнхаа урт хугацааны төлөвлөлтийг хамтран гаргая, ямар нэгэн улс төржилт, нам эвсэлд хамааруулахгүй. Зөвхөн тоо баримт, нөхцөл байдалд тулгуурласан бодит дүгнэлт хийж, шинжлэх ухаанчаар төлөвлөлтөө гаргая гэдэг зорилгоор энэхүү хурлыг хийж байна. Бид аймгийнхаа 8000 гаруй малчныг хамтарсан үйлдвэртэй болгохыг зорьж байна. Монгол Улс даяар малын гаралтай түүхий эд боловсруулдаг үйлдвэр алга. Төр засгаас үйлдвэр бариад өгчих юм шиг сэтгэж, хүлээсээр өнөөг хүрлээ. Одоо бид дэмий дээшээ харж, ямар нэгэн улс төрчийг юм уу, хэн нэгэн чинээлэг хүнийг харалгүйгээр өөрөө өөрсдийнхөө амьдралын төлөө зүтгэх цаг нь ирсэн. Малчид өөрсдөө нийлээд малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй болохоос өөр замгүй гэдгийг ухаарсан. Энэ үйлдвэрийг барьж байж бид өнөөдрийн ХАА-г хөгжүүлж, малчид сайхан амьдрах байна гэдэг санаачилга гаргаад явж байгаа. Энэ санаачилгыг ажил хэрэг болгохын тулд ТЭЗҮ хамгийн чухал. Энэ талаар эрдэмтэн судлаачдаасаа дэмжлэг авч байгаадаа баяртай байна”  хэмээв.



Холбоотой мэдээ