Шүлхий өвчнөөс сэргийлэх 6.5 сая тун вакциныг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-13 09:09:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс санхүүжүүлэн гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6.5 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгөв


Монгол Улсыг шүлхий өвчингүй байхад дэмжлэг үзүүлэхээр ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтын ажиллагааны хүрээнд уг вакциныг олгож буй. Хаврын дархлаажуулалт энэ сарын 15-наас эхэлж буйтай холбогдуулан вакциныг 21 аймаг, нийслэлд хуваарийн дагуу шуурхай хүргэх юм.


Манай улсад 2022 оны эхээр шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж, 98 суманд бүртгэгдээд байсан. Энэ үед Дэлхийн банкны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд үхэр, сарлагийн сүргийг дархлаажуулах стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ, МЭЕГ-т дэмжлэг үзүүлжээ.


Үхэр сүргийн эхний вакциныг өнгөрсөн оны 4 дүгээр сард хийснээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт хийсэн. Тандалтын үр дүнгээс харахад, манай улсын нийт сумын 96 хувь нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагджээ. Шүлхийн вакцин нь 6 сарын хугацаанд халдвараас хамгаалдаг тул 2022 оны 11 дүгээр сард хоёр дахь вакцинжуулалтаа хийсэн. Ингэснээр шүлхийн дэгдэлт огцом буурч, арваад тохиолдол бүртгэгдсэн аж


Вакцин хүлээлгэн өгөхөд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, бусад төлөөлөл оролцлоо. 

Холбоотой мэдээ