Парламентын сонгуулийн хуулийн пропорциональ хэлбэр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-04-14 17:20:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламент хэлэлцэж байна. Энэ удаагийн хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гол онцлог нь өргөн барьсан хуулийн төслийн бүтцэд байгаа юм. Хуулийн төслийн бүтцийг хосолсон хэлбэр хэмээн нэрлэсэн байна. Түүнийг парламентын сонгуулийн хуулийн холимог тогтолцоо гэж хэлж болно. Гэхдээ сонгуулийн хуулийн холимог тогтолцоо бол Монгол Улсын хувьд шинэ зүйл биш. УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байсан. Улс төрийн намууд нэр дэвшигчийг жагсалтад оруулахдаа дотоод ардчиллын хүрээнд эрэмбэлсэн. Түүнийг сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны хаалттай хэлбэр гэж судлаачид нэрлэдэг юм байна.


Парламентын сонгуулийн хуулийн пропорционалийн хаалттай энэ хэлбэр нь сонгогчдод эргэж очих нүүргүй болсон улс төрчид “намын нэрээр халхавчлан дахин парламентад сонгогдлоо” гэсэн таагүй нэршлийг дагуулж ирсэн билээ. Ийм учраас энэ удаа тухайн тогтолцооны хаалттай хэлбэрийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсангүй. Харин улс төрийн намын нэрээр нэр дэвшигчдийг жагсаахдаа хүйсийн харьцааг 1:1 хэлбэрээр байрлуулна. Улс төрийн намын нэрийг дугуйлаагүй нөхцөлд тухайн намын жагсаалтад орсон 1 нэр дэвшигчийг тэмдэглэнэ гэсэн хувилбар УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төсөлд туссан байна.


Энэ төслийн гол онцлог нь УИХ-ын 76 гишүүний 38-ыг намын нэрийн жагсалтад багтаана гэсэн байгаа юм. Тэгвэл О.Цогтгэрэл нарын өргөн барьсан төсөлд УИХ-ын 76 гишүүний 28-ыг нь улс төрийн намын жагсаалтад хүйсийн харьцааг дээрх хэлбэртэй ижилхэн байрлуулахаар тусгажээ. Энэ хоёр төслийн жагсаалтад нэр дэвшигчдийг байршуулж эрэмбэлэх нь ижилхэн. Гэвч тэдгээр гишүүдийн тоо нь зөрүүтэй байгаа юм. Гэхдээ хоёр төсөл нэг хууль болж гарах учраас нэрсийн жагсаалтад хэдэн нэр дэвшигч байхыг парламент шийднэ.


УИХ-ын өнгөрсөн 8 удаагийн сонгуулийн 7-г явуулахад ашигласан парламентын сонгуулийн мажоритар тогтолцооны сонгогчдын санал гээгддэг сул талыг арилгах үүднээс пропорциональ тогтолцооноос оруулж байгаа нь энэ. Пропорциональ сонгуулийн тогтолцооны нөлөөнд улс төрийн орчинд олон намын тогтолцоо төлөвшинө гэж судлаачид үздэг. Тухайлбал, аль нэг улс төрийн нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчийн тодорхой хувийн саналыг авсан нөхцөлд тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчимтай. Мандатын тоо 38 байна гэж үзсэн байхад сонгогчдын 50 хувийн саналыг авсан улс төрийн нам нийт мандатын 50 хувь буюу 19 мандат авах ёстой хэмээн үзнэ.


Пропорциональ системээр парламентын сонгуулийг явуулсан нөхцөлд олон намын тогтолцоо бүрдэнэ. Ийм нөхцөлд ихэнхдээ эвслийн Засгийн газар бий болно. Төрийн бодлого зайлшгүй олон нам, эвслийн тохиролцоо, харилцан зөвшилцөл дээр суурилдаг нь эвслийн Засгийн газрын давуу тал болдог. Олон намын тогтолцоог бий болгож зөвшилцөл, харилцан ойлголт дээр суурилсан улс төрийн соёлыг бүрдүүлдэг гэж судлаачид онцолжээ. Мөн нийгмийн цөөнхөд өөрийн төлөөллийг парламентад суудалтай болгох боломж олгодог нь түүний бас нэг чухал онцлог нь юм байна.


Харин хэт олон нам парламентад суудалтай болсноор Засгийн газар байгуулах чадамжтай парламентын олонх бүрдэхгүй байх эрсдэлтэй ажээ. Түүнээс гадна ардчилсан бус үнэт зүйлтэй, хэт радикал үзэл санаатай намууд парламентад төлөөлөлтэй болох боломжтой. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж тодорхой хэмжээний саналын босго тавих боломжтой. УИХ-ын сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд энэ талаар тодорхой зохицуулалт орсон байна.


Улс төрийн нам бие дааж парламентын сонгуульд оролцсон нөхцөлд нийт сонгогчдын 3 хувийн санал авах босготой. Харин 2 нам эвсэл болж УИХ-ын сонгуульд орсон тохиолдолд 5 хувийн босго давах учиртай. Гурав болон түүнээс дээш нам нэгдэж эвсэл байгуулсан нөхцөлд 7 хувийн босго тогтоохоор төсөлд тус бүр тусгажээ. Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 нам байна. Тэр бүхэнд төслийн дээрх зохицуулалт хамаатай.


Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд нийт 112 орон бүх нийтийн, чөлөөт сонгуулиар төр засгаа байгуулжээ. Тэдгээрээс 59 улс нь пропорциональ, 33 нь мажоритар, плуралит, үлдсэн 20 нь холимог тогтолцоог ашиглажээ. Пропорциональ тогтолцоог Европ, Скандинав, Өмнөд Америкийн улсууд, мажоритар, плуралит тогтолцоог Их Британи болон түүний колони байсан улсууд, холимог тогтолцоог Герман, Итали, Япон, Солонгос, Мексик зэрэг улс ашигладаг байна. 


Монгол Улсын хувьд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах дээрх хуулийн төслийг хууль болгон баталсан нөхцөлд сонгуулийн мажоритар тогтолцоогоор парламентаа бүрдүүлсэн 33 орноос хасагдаж, холимог тогтолцоотой 20 орны тоог нэгээр нэмнэ. 

Холбоотой мэдээ