Засгийн газрын ирэх 4 жилийн хөтөлбөрийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-07 13:01:47

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

МАН өнгөрсөн 6 дугаар сард болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриатай хөтөлбөртэй орж, олонхийн саналыг авсан. Мөн Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ....” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж нар МАН сонгогчиддоо амалсан олон амлалтын заримаас нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаагүй байна. Иргэдэд амалсан эдгээр амлалтаа бодлогын бичиг баримтад тусган хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Энэхүү асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон бусад гишүүд МАН амлалтуудаа бүрэн хэрэгжүүлэх болно гэсэн тайлбарыг өгч байв.

Харин сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй ажлуудыг бол шинээр нэмэх шаардлагагүй. Учир нь өнөөгийн нөхцөлд эдийн засаг хүндэрсэн байна. Мөнгө шаардагдахаар зүтгэлээр шийдэж болохуйц ажлуудыг Засгийн газрын ирэх 4 жилийн хөтөлбөрт тусгаад явах нь зүйтэй хэмээж байлаа.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулж амжилгүй түр завсарлав. Чуулган үдээс хойш 15.00 цагаас хуралдана.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ