Зөвхөн шинэ тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх зөвхөн шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө.
Ингэхдээ 19
салбарын 400 гаруй нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны 1 дүгээр сарын
нэгэн хүртэл хугацаанд импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх, тоног
төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараа оны эхний
улиралд буцаан олгох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд баталсан Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн талаар зөрүүтэй ойлголттой
байгааг нэг мөр болгохоор ХХААХҮЯ, Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар хамтран хэлэлцүүлэг
зохион байгууллаа. Энэ үеэр ГЕГ-ын Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг шинэ
тоног төхөөрөмжийг импортлохдоо юуг анхаарах, мөн хэрхэн мэдүүлэг бөглөх, хөнгөлөлтөө
буцаан авах шат дарааллыг танилцуулсан юм.
Тэрбээр, “Импортоор
оруулж ирсэн тоног төхөөрөмжийг тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн
эсэхийг бид шалгах боломжгүй тул үл хөдлөх хөрөнгийн лавлагааг шаардана. Учир нь
худалдан борлуулах, ашиг олох зорилгоор импортолсон тохиолдолд татварын
хөнгөлөлтөд хамаарахгүй. Шинэ тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг дараа оны эхний
улиралд буцаан авах боломжтойг анхаарах хэрэгтэй. Хугацаа хэтрүүлж
болохгүй. Мөн буцаан олголт хийхэд хүндрэл учирдаг тул гаалийн хөнгөлөлттэй
тоног төхөөрөмжөө бусад бараатай хамт бүү мэдүүлээрэй” гэдгийг тодотгож байлаа.
Засгийн газрын
тогтоол болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу импортоор
оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ
трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ой,
шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын
жагсаалтыг баталсан билээ. Энэ хүрээнд 2021 онд 187 аж ахуйн нэгж, иргэн 28.5
сая ам.доллларын үнийн дүн бүхий бараанд ногдох 12.5 тэрбум төгрөгийн татварын
чөлөөлөлтөд хамрагджээ. Өнгөрсөн онд 189 аж ахуйн нэгж, иргэн 44.1 сая
ам.долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татварын
чөлөөлөлт эдэлжээ.