АРХАНГАЙ: Монгол Улсын үндэсний дасан зохицох төлөвлөгөөнд санал авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-25 13:46:02

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлжээ. 


Энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийн баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг салбар бүрийн тэргүүлэх эрдэмтэн судлаачдаас бүрдсэн үндэсний зөвлөхүүдийн баг уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр боловсруулсан байна.


“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гол үйл ажиллагааг салбар яамд, орон нутгийн удирдлага, байгаль орчны газрууд, бодлого төлөвлөлтийн мэргэжилтнүүд, судалгааны байгууллагуудын төлөөлөл болон бусад оролцогч талуудын тэгш оролцоог ханган, шинжлэх ухааны үндэслэлтэй дасан зохицох шийдлүүд бүхий Монгол Улсын үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах ажлыг хийж, оролцогч талуудын санал зөвлөмжийг тус төлөвлөгөөнд тусгах зорилготойгоор 21 аймагт эрдэмтдийн баг ажиллаж байна.


Архангай аймагт өнөөдөр Монгол Улсын ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбаганаар ахлуулсан баг ажиллаж, дээрх төлөвлөгөөнд санал авах хэлэлцүүлгийг явууллаа.


Энэхүү санал авах хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын үндэсний дасан зохицох төлөвлөгөөнд орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн саналыг тусган, орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан бодит байдлаар сайжрах, үндэсний хэмжээний чадавх дээшилнэ гэж үзэж байгаа юм.


Олон улсын эрдэмтдийн судалгаагаар дэлхийн уур амьсгал 1850-аад оноос хойш 1.0 хэмээр дулаарч, хур тунадасны горим өөрчлөгдөж, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтамж ойртож, учруулах хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо хангахын тулд өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна.

Холбоотой мэдээ