Нийгмийн салбарын зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дор хүргэхээр “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт НБГ, НЭМГ, ННДГ, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт, эрт илрүүлгийн зөвлөгөө өгч байна. Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж буй иргэдэд зөвлөгөө өгөх, жирэмсний, амаржсаны тэтгэмжийг цахимаар авах хүсэлт илгээх талаар мэдээлэл хүргэж байна. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар мэдээлж, гадаад улсаас шилжин суралцаж буй ЕБС-ийн сурагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээ үзүүлж байна.
Өдөрлөг маргааш 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.