Сүү үйлдвэрлэлийн салбар тогтвортой хөгжих шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, КАПЕКС хөтөлбөр хамтран “Монголын алслагдсан бүс нутгуудад экспортын чиг баримжаатай ХАА-н үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэх” сэдэвт сургалт семинар Чингис зочид буудалд зохион байгууллаа.
КАПЕКС хөтөлбөр нь Монгол Улсын бүс нутгийн онцлогт тулгуурласан мал аж ахуйн системтэй хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй ыайдлыг дээшлүүлэх, импортыг орлох, экспортлох түвшинд хүргэхэд БНСУ-ын хөдөө аж ахуйн ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зорилготой.
Сургалтын үеэр Монгол Улсын Хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн нөцөл байдал, төрийн бодлого, тулгамдаж буй асудлууд, алслагдмал хөдөө орон нутаг дахь экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэмүү өртөг нэмэгдүүлэх нь зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Олон улсын сүүний холбооны нарийн бичгийн дарга, “Сүүн билэгдэл” ХХК-ийн захирал С.Цэцгээ “Орон нутгийн сүүний нөөцийг ашиглан, импорт орлох, экспортын чиг баримжаатай сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “20 литр сүү үйлдвэрлэж цуглуулж борлуулахад 1 ажлын байр бий болдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судлагаа тогтоосон. Азид нийт сүү үйлдвэрлэлийн 80-аад хувийг хангадаг 1-3 үнээтэй өрхийн сүү үйлдвэрлэгч, фермерүүдийг дэмжих бодлого барьж байна. Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад сүү үйлдвэрлэлийн салбар тогтвортой, тууштай хөгжих шаардлагатай байна” гэв.
Сургалтад оролцогчид цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайжруулах зорилго бүхий зөвлөмж гаргах юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр