ХОВД: Манлайллын сургалтад 80 сурагч хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-01 11:50:09

Жаргалант /МОНЦАМЭ/.  Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төслийн хүрээнд Ховд аймгийн сурагчдын дунд  "Энтрепренер лийдерс" манлайллын сургалт зохион байгууллаа.      

"Энтрепренер лийдерс" сургалт нь сурагчдын багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх, мэдрэмжээ ойлгох ур чадваруудыг нь сайжруулах зорилгоор нээлттэй зарлагдсан.  Ингээд 178 суралцагч  тус сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Түүнээс ирүүлсэн эссэ бичлэгт тулгуурлан 82 суралцагчийг шалгаруулжээ.  Улмаар  Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, коллежийн төлөөлөл 80 суралцагч, 8 чиглүүлэгч багш, 5 сургагч багш болон  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтнүүд, Хүүхдийг Ивээх Сангийн төслийн ажилтнууд энэ удаагийн сургалтын үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллалаа.  "Энтрепренер лийдерс" сургалтын үйл ажиллагаа энэ сарын 28-30-ны өдөр хүүхдийн "Баянбулаг" зусланг түшиглэн өрнөсөн юм.     

Сургагч багш нар, мэргэжилтнүүдийн зүгээс өөрийн үнэлэмж, сэтгэл хөдлөлөө удирдах арга барилын талаар мэдээлэл өгч, сурагчдад өөрийгөө хөгжүүлж, манлайллын ур чадвар, илтгэх ур чадвар, багаар ажиллах ур чадвараа ахиулах боломж олгожээ.   

Холбоотой мэдээ