ХОВД: Үенч суманд алба хаасан цэргүүд халагдаж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-01 16:43:38

Жаргалант /МОНЦАМЭ/.  Үндсэн хуульд “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн гэж заасан байдаг. 

Хуулийн дагуу үүргээ биелүүлэхээр 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид хуваарилагдсан залуус хугацаат цэргийн албаа амжилттай хааж, өнөөдөр халагдаж ирлээ.

Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн нэрэмжит Хилийн цэргийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, өнөөдөр халдагдаж буй тус цэргүүд нь хил хамгаалах байгууллагын ууган отряд (Хилийн цэргийн 0130 дугаар анги үүсэн байгуулагдсан)-ын 90 жилийн ой, Монгол Улсын баруун хил дээр зэвсэгт тулгаралт болсны 75 жилийн ойн босгон албаа нэр төртэй хааснаараа  онцлогтой.   

Үүнээс гадна энэ удаа халагдаж буй цэргүүдээс 2 нь ахлагч цолтойгоор цэргийн ангидаа үлдэн ажиллахаар болжээ.  Мөн 10 алба хаагч нь гэрээт цэргийн албанд шилжсэн байна. Бусад алба хаагчдын тухайд цаашид энх цагийн бүтээн байгуулалтын ажилд оролцох, төрийн албанд ажиллах,  хууль хүчний байгууллагад  үүрэг гүйцэтгэх эрх нь ийнхүү нээгдэж байгааг албаныхан онцлон хэллээ.  

Цэргийн албаа нэр төртэй хаасан залуусыг аймаг орон нутгийн удирдлага, ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүн, эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид нь Ард Аюушийн талбайд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.  Энэ үеэр нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд суралцсан залуус үе тэнгийнхэн, дүү нартаа хандан цэргийн алба хаахыг уриаллаа.  

Холбоотой мэдээ