ХЭНТИЙ: Монгол бичгийн улсын олимпиадыг орон нутагт хоёр дахь удаагаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-09 10:02:57
Чингис /МОНЦАМЭ/. Монгол бичгийн 17 дугаар улсын олимпиадыг Хэнтий аймагт энэ сарын 6, 7-ны өдрүүдэд
аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль тус тус хамтран зохион байгууллаа.
Монгол бичгийн улсын олимпиадыг орон нутагт хоёр дахь удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд аймаг, дүүргийн тэмцээнд шалгарсан 23 багш, 20 сурагч оролцов.
Сурагчдын төрөлд, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ийн сурагч Б.Энхжин тэргүүн байр, Дархан-Уул аймгийн Шинэ-Алхам сургуулийн сурагч Б.Ундрах дэд байр, Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн сурагч Б.Лхагвачимэг гутгаар байр, Дундговь аймгийн Сайн цагаан сумын Цэгц билэг сургуулийн сурагч М.Номин, Хэнтий аймгийн Хан Хэнтий ЦС-ийн сурагч Ч.Энхжин нар тусгай байр эзэллээ.
Харин багш нарын төрөлд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийн багш Д.Пүрэвдорж тэргүүлж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэгц билэг сургуулийн багш М.Ганбагана, Улаанбаатар хотын Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн багш Б.Отгонбаатар, Хөвсгөл аймгийн Титэм ЕБС-ийн багш Б.Оюун-Эрдэнэ, Дорнод аймгийн Хэрлэн сумын Долоодой сургуулийн багш Б.Баттулга нар удаах байруудад шалгарлаа.
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Алтан гадас одонт Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойг угтан улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдийг орон нутагтаа зохион байгуулж байгаагийн нэг нь монгол бичгийн 17 дугаар улсын олимпиад юм.
Холбоотой мэдээ