Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны шинэ талбар

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-05-12 10:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногт Хятадын Шэнси мужийн засаг захиргааны төв Шиан хотод болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт нь Хятад улс ба бүс нутгийн орнуудын харилцаанд шинэ эргэлтийн үеийг нээнэ  гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдлээ. 


Үүний дүнд, өмнө нь талууд хоёр талын болон Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг олон талт харилцааны механизмаар дамжуулан хоорондоо хамтран ажиллаж байсан бол одоо БНХАУ-Төв Ази гэсэн өвөрмөц шинэ талбар бий болж байна. 


Шианы саммитын хуралдааныг Хятадын удирдагч Ши Жиньпин даргалж, түүнд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Э.Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар оролцоно.


Энэ бол БНХАУ ба Төв Азийн таван улсын хооронд 31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болох гэж буй төрийн тэргүүн нарын  уулзалт юм.  Өмнө нь, 2020 оноос хойш «C5+Хятад» гэсэн форматын хүрээнд Гадаад хэргийн сайд нар нийтдээ 4 удаа уулзаж байжээ.  

Торгоны замын эхлэл Шиан хот 


Саммит болох газраар Хятадын эртний нийслэл Шиан хотыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм.  Учир нь, 2200 орчим жилийн өмнө оршин тогтнож байсан Хань улсын нийслэл болох тус хотоос “Торгоны зам” эхэлж, худалдаачид Ром хот хүртэл аялж байсан гэдэг. Тухайн үед Баруун Хань улсын хааны элч Жан Чян гэдэг хүн бүс нутгийн орнуудтай худалдааны харилцаа тогтоох зорилгоор Дундад Азид хоёр ч удаа очиж байжээ.





Шинэ Торгоны замын чухал чиглэл – Төв Ази

Хятадын Ерөнхий сайд асан Ли Пэн 1994 онд Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ “Торгоны зам”-ыг сэргээх тухай санааг анх дэвшүүлж байв. Мөн 2013 онд Казахстанд айлчилсан Хятад улсын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах санаачилгаа анх танилцуулж, түүнийг нь хамгийн түрүүнд Төв Азийн улсууд дэмжиж байснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. 


Энэ санаачилга бол Ази, Европыг холбох асар өндөр өртөгтэй дэд бүтцийг барьж байгуулахаас эхлээд улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалыг чөлөөтэй тээвэрлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, өндөр технологийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон талт хөгжлийн стратеги төлөвлөгөө юм.


Өдгөө “Бүс ба зам” нэртэй болсон уг мега төслийг хэрэгжүүлснээр

1) Хятад – Төв Ази – Орос – Европ

2) Хятад – Төв ба Баруун Ази – Персийн булан ба Газрын Дундад тэнгис

3) Хятад – Зүүн Өмнөд Ази – Өмнөд Ази – Энэтхэгийн далай гэсэн 3 эдийн засгийн коридор бий болох юм.

Эртний Торгоны зам 

Үүнээс харвал 3 коридорын 2 нь Төв Азийн улсуудын нутгаар дайран өнгөрч байна. Эдгээр улс нь ихэвчлэн далайд гарцгүй бөгөөд дэд бүтцийн хөгжил нь харьцангуй сул. Хоёр коридорыг байгуулснаар ачаа барааг Хятадаас Европт ердөө 10-хан хоногийн дотор хүргэх боломжтой болно. Одоогоор уг чиглэлд далайгаар чингэлэгтэй ачааг тээвэрлэхэд 45-60 хоногийн хугацаа шаардлагатай байгаа юм.


“Бүс ба зам” мега төслийг хэрэгжүүлэх ажил эхлээд цар тахал, дараа нь Орос-Украины дайны улмаас эрч нь саараад байв. Тэгэхээр төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудал Шианы уулзалтын гол сэдвүүдийн нэг байх нь лавтай.


Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн 5 улсын тээвэр, дэд бүтцийн салбаруудад 2023 оны эхний байдлаар 15 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа бол талуудын хоорондын бараа эргэлт 70,2 тэрбум долларт хүрчээ. Хятадын компаниудын гадаадад хийж буй хөрөнгө оруулалтын 20 орчим хувь нь Төв Азийн улсуудад ногдож байна.


Төв Азийн 5 улсын дотроос газарзүйн хувьд хамгийн ашигтай байрлал бүхий Казахстан улсад Хятадын компаниуд хамгийн ихээр хөрөнгө оруулжээ. Тухайлбал, Казахстаны дэд бүтцийг хөгжүүлэх “Саруул зам” төслийн хүрээнд Хятадын тал 20 гаруй тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгөөр Каспийн тэнгисийн боомтуудыг өргөтгөн сайжруулж, авто ба төмөр замуудыг барьж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр байгуулна.


Төв Азийн аюулгүй байдал, Хятад-Өрнөдийн өрсөлдөөн

Хэрвээ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудын байдал тогтворгүйтэх аваас дээрх их хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлд орно гэдгээс Хятадын тал маш их болгоомжилдог. Иймээс Америкийн цэргүүдийн орхин гарсан Афганистаны асуудал Шианы саммитын үеэр хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг байх болов уу. Хоёр талт ба олон талт хамтын ажиллагааны механизмд тулгуурлан Хятад ба Төв Азийн орнууд гурван хорт хүч буюу терроризм, экстремизм, сепаратизмын эсрэг амжилттай тэмцэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. 


Америкийн цэрэг Афганистанаас гарснаас хойш Европын Холбоо, Хятад хоёр Төв Азид ихээхэн идэвхжиж байгаатай зэрэгцээд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж буй Оросын нөлөө мэдэгдэхүйц суларлаа. Орос-Украины дайн сунжирсаар буй энэ үед Оросын бизнес эрхлэгчид гадаадад хөрөнгө оруулах нь эрс багасч, Төв Азид нөлөөгөө бэхжүүлэх боломж Орос улсын хувьд хумигдсаар байна. Сүүлийн үед Төв Азийн орнууд Оросоос зайгаа барьж, Кремлийн эсрэг хоригуудыг сахин мөрдөх асуудлаар Барууны дипломатчидтай идэвхтэй зөвлөлдөж, ложистикийн чиглэлүүдийг Оросын нутгийг тойрон гардаг болгох хувилбарыг хэлэлцэж, банкууд нь Оросын “Мир” төлбөрийн картыг хүлээн авахаас татгалзах болжээ. Иймээс суларч буй орон зайг хятадууд нөхөхөөр яаравчилж байгаа тухай барууны хэвлэлүүдэд дүгнэн бичиж байна. Үүний сацуу бүс нутагт явуулж буй АНУ, ЕХ-ны дипломат ажиллагаа идэвхжиж, Шинжаан-Уйгур дахь хүний эрхийн асуудлыг байнга хөндөж байгаа нь Хятадын талын санааг зовоож байгаа нь илт. Хэрвээ барууныхан Төв Азид өөрийн түшиц газрыг бий болгож, цэргийн баазуудаа байрлуулах аваас Хятадын стратегийн нөхцөл байдал дордох нь ойлгомжтой. Ийм нөхцөлд бүс нутгийн орнуудын эрх баригчид Өрнө, Дорнын хооронд тэнцвэртэй бодлого явуулахыг эрмэлзэж байна.


Ер нь бол, Төв Азийн 5 улс дахь Хятадын ашиг сонирхол маш ойлгомжтой. Юуны түрүүнд, нефть, байгалийн хий, зэс болон бусад ашигт малтмалын хамгийн том хэрэглэгч болох Хятад улс ашигт малтмалаар баялаг Төв Азийг ихээхэн сонирхдог. Жишээ дурдахад, Казахстанд олборлож буй ураны 52-66 хувийг /12,5-15 мянган тонн/ Хятадад нийлүүлдэг бөгөөд энэ нь тус улсын ураны хэрэгцээний 75 орчим хувийг хангаж байна. 


Нөгөөтэйгүүр, Европын Холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй Хятад улсын хувьд Европ тивд хүрэх тээврийн шинэ коридоруудыг байгуулах нь нэн чухал байгаа. Тухайлбал, Европт хүрэх чиглэлд авто ба төмөр замууд, худалдааны төвүүд, ложистикийн дэд бүтэц байгуулах “Бүс ба зам” мега төсөл Дундад Азийн бүх улсын нутгийн дамнан хэрэгжинэ. 2022 оны байдлаар Хятад улс уг төсөлд 1 их наяд гаруй доллар зарцуулаад байгаа ажээ. 


Гуравдугаарт, бүс нутгийн өмнөд хэсэг болох Тажикистан, Узбекистан гэсэн хоёр улс Афганистан ба Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны дунд буфер буюу жийргэвч бүсийн үүргийг гүйцэтгэдэг тул Хятадад терроризмын аюул нүүрлэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс “South China Morning Post” сонинд онцлон тэмдэглэснээр, Хятад улсын хувьд Төв Ази нь эдийн засгийн болон стратегийн хувьд онцгой чухал бүс нутаг болоод байна.

Холбоотой мэдээ