Европын холбоо орон нутаг дахь төслөө ойжуулалтад чиглүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-15 15:30:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монголын ХАА-д хэрэгжүүлж буй төслүүд нь эко системийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. 


Энэ талын төслийг Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Жавхлант болон Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр суманд хэрэгжүүлж байгаа юм.


ХАА-н менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах төслийн менежер А.Амгалан энэ талаар хэлэхдээ, Европын холбооноос хэрэгжүүлж буй төсөл уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, агро ойг байгуулж, хөгжүүлэх менежментийг хэрэгжүүлж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан улс орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилгод яв цав нийцэж байгаа. Эхний ээлжид загвар агро ойн аж ахуйг байгуулан салбарынхан болон олон нийтэд танилцуулж байна.


Герман улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ уг төслийн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, байгалийн ойг зөв менежментээр авч явах талаар зөвлөж, мөн бэлчээрийг хамгаалах үүднээс малын үүлдэр угсааг сайжруулах төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна хэмээн онцоллоо.


Орон нутагт хэрэгжүүлж буй дараагийн үйл ажиллагаанд Ойн генетикийг хамгаалж, нөхөн сэргээх талын судалгааны төсөл орж байна. Уг төслийн хүрээнд Дархан-Уул аймагт, “Улаан ном”-д ороод буй, ховордсон жодой модыг үрслүүлж байна.


Жодой мод нь уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсийг ус, салхи, бусад эрсдэл, элэгдэл, эвдрэл болон хортон шавьжаас хамгаалах, гол, мөрний усны нөөцийг зохицуулах чухал үүрэгтэйг Дархан-Уул аймгийн “Домогт Шарын гол” компанийн захирал З.Оюунтуяа онцолж байна. Тэрбээр хэлэхдээ, "Өнгөрсөн 4 жил бид Чех улсын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хүрээнд Монгол орны болон орон нутгийн ойн генийн сан, ойн олон талын бүтэц, органик чанарыг судалж хэрэгжүүлж байна" гэв.


Мөн төслийн хүрээнд модны үрийг хүлэмжид вакцинжуулж, бордох ажиллагааг технологийн дагуу, зөв хийснээр олон жилийн насжилттай, баталгаатай модны суулгацыг гаргаж буйг хэллээ.


Төслийн менежер, судлаач Вацлав Пэцин, ойг нөхөн сэргээхийн тулд эхлээд сайн цэвэрлэх нь чухал байгааг Монголын ойн мэргэжилтнүүдэд зааж зөвлөн, ой хамгаалах менежментийг хэрэгжүүлж байна.  

Холбоотой мэдээ