МОНЦАМЭ агентлаг Үндэсний номын баярын мэдээллийн түншээр ажиллана

НОМЫН БАЯР
boloroo8136@gmail.com
2023-05-15 19:56:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлаг энэ хавар 33 дахь удаагаа болох гэж буй Үндэсний номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр ажиллаж байна.

 

Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд тэмдэглэдэг Үндэсний номын баярын хүрээг өргөжүүлж, уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлаг Үндэсний номын баярыг зохион байгуулагч "Номын соёлт ертөнц" ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурлаа. 


Санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга Т.Энхтуяа, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд нар гарын үсэг зурсан юм.


Санамж бичигт тусгасны дагуу Үндэсний номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншийн хувьд МОНЦАМЭ агентлаг таван хэлээр мэдээллээ түгээдэг www.montsame.mn вэбсайт, дүрст болон гэрэл зургийн мэдээ, 7 хоног тутам гардаг “Mongol messenger”, “Мөнгү Шяоши бао”, “Новости Монголии”, “Монгорү цүүшин” сониноороо дамжуулан мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна тус агентлагийн 21 аймаг дахь сурвалжлагчид орон нутагт болох номын баярын мэдээллийг ч тухай бүрт нь мэдээлэх юм.

 

Харин "Номын соёлт ертөнц" ТББ МОНЦАМЭ агентлагийг үнэн зөв, баримт бүхий мэдээ, мэдээллээр хангах үүргийг хүлээж буй юм. 

 

Ташрамд мэдээлэхэд, хуульд заасны дагуу 5 дугаар сарын 19-21-нд Үндэсний номын баяр орон даяар эхлэх бөгөөд нийслэлийн төв талбайд 26-28-нд үргэлжилнэ.


2021 оны УИХ-ын чуулганаар "Номын баяр"-ын тогтсон өдрүүдийг Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгаас дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан юм. 


Үндэсний номын баяраар төв талбайд нийтдээ 300 гаруй асар барьж, 200 гаруй хэвлэн нийтлэгч болон 300 гаруй зохиолч оролцдог бол 180 мянга гаруй хүн зорин ирдэг байна. Тэдний 95 хувь нь ном худалдан авдаг бөгөөд төдий хэмжээний оюуны хөдөлмөр эдийн засгийн эргэлтэд ордог гэсэн үг юм. 


Холбоотой мэдээ