ЗАВХАН: Номын баярын онцлох үйл ажиллагаа нь ном сэлбэх, засах сургалт байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-25 14:08:13

Улиастай /МОНЦАМЭ/. Үндэсний 34 дэх удаагийн номын баярыг бүх насныханд зориулсан сонирхолтой үйл ажиллагаануудыг хүртээмжтэй хэлбэрээр явуулж тэмдэглэн өнгөрүүлжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар тавдугаар сар, намар 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногт "Номын баяр" -ыг зохион байгуулдаг.  


Жил бүрийн номын баяраар зохион байгуулдаг уламжлалт ажлуудыг хийхээс гадна хамгийн бяцхан уншигч, сонсогчоос эхлэн номыг таниулах, хамгаалах, хадгалах, номыг шимтэн уншихын ач холбогдлыг манай номын санчид эдгээр өдрүүдэд илүү хийлээ.


Тодруулбал, хуучин номын худалдааг аймгийн Хүүхдийн оролцооны байгууллагатай хамтран, хүүхдүүдийн санаачилга дэмжлэгээр хийлээ.


Хүүхдүүд өөрөө хэрэглэхгүй байгаа номуудаа хэрэгтэй нэгэнд нь тодорхой хэмжээний үнэ ханштайгаар борлуулсан нь номыг илүү үнэ цэнтэй гэдэг мэдээллийг оролцогчдод өгч чадсан юм.


Мөн энэ удаагийн номын баярын онцлох үйл ажиллагаа бол "Номд хайртай хүүхэд" нэртэй ном сэлбэн засах сургалт байсан. Энэ сургалтыг манай номын санчид Улиастай сумын ерөнхий боловсролын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн номын санчтай хамтран явуулж номыг уншихаас гадна хэрхэн яаж хадгалж хамгаалах, сэлбэн засах, цаасан дээр бичигдсэн үг үсэг, өгүүлбэр, агуулга, зохиол бүтээлийг илүү их хайрлах дадал, сэтгэгдлийг оролцогч хүүхдүүдэд таниулж чадлаа.


Энэ сургалтад нийт 160 орчим хүүхэд оролцсон юм. Тэд номтой нөхөрлөж, номыг хэрхэн хадгалж хамгаалах дадал, сургалтаар олж авсан мэдлэгээ найз нөхөд, анги хамт олон, гэр бүлийнхэндээ зааж сургах боломжтой, сэдэлтэй болж чадсан нь онцлог юм.

Номын баярыг бүх насныханд зориулдаг

“Номтой Монгол” уриатай 34 дэх удаагийн номын баярын нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Соёл урлагийн газрын дарга М.Нямдорж болон Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, идэвхтэн уншигчид, хүүхэд багачууд оролцлоо.

Номын баярын үйл ажиллагааны үеэр 400 гаруй ном хэвлэлийг үзэсгэлэнд дэлгэж, нээлтийн үйл ажиллагаанд болон угтаж зохион байгуулсан ажлуудад нийт 600 гаруй уншигч оролцсон байна.


Аймгийн төв номын сангаас энэ үеэр тэргүүний уншигч Д.Нацагдорж, тэргүүний уншигч Б.Явуухулан тэмдэгтнүүдийг шалгаруулж урамшууллаа. Уншигч багачуудын болон аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн монгол, англи хэлээрх номуудаар гаргалаа.


Хүүхдийн уншлагын танхимын шилдэг ном хэвлэлүүдийн үзэсгэлэнг дэлгэж, Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын гар зургийн үзэсгэлэн, шилдэг уншигч ангийн суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн, “Номын эзэн"-ийг алдаршуулах үйл ажиллагаа, “Боролдой" номын дэлгүүр болон бусад хэвлэлийн газруудын худалдааг зохион байгуулсан юм.


Аймгийн музейн хамт олон ардын уламжлалт тоглоом үйчүүр, оньсон тоглоомуудын танилцуулга, тоглоомыг сурах арга, тоглоомын тухай түүх, уламжлалыг уншигчдад таниуллаа.


Номын баярыг сарын турш тэмдэглэн өнгөрүүлдэг

Номын баярыг угтсан үйл ажиллагааг бид сарын турш явуулдаг уламжлалтай.

Тухайлбал “Номтой Монгол” уриатай 34 дэх удаагийн номын баярыг Завхан аймагт тэмдэглэн өнгөрүүлэхээр найман төрлийн үйл ажиллагааг явуулсан байна.

Тодруулбал, Эртэч Завханыхан буюу "Кофетой уншлага”, "Уншаад урагшлахуй" ном хэвлэлийг сурталчлах, сэдэлжүүлэх сургалтыг насанд хүрэгчдэд зориулан хийсэн байна.


Мөн "Номд хайртай хүүхэд" ном сэлбэн засах сургалт, сургуулийн өмнөх боловсролын багачуудад зориулан "Үлгэрээ сонсъё" чанга уншлага, соёлын өртөөчилсөн аяллыг соёлын байгууллагууд хамтран явуулж ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн 130 гаруй хүүхэд оролцжээ.


Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдыг чадавхжуулах сургалтыг явуулж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит "Уран уншлага"-ын уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчдын дунд "Б.Явуухулан тэмдэгтэн анги" шалгаруулах уралдаан, Book battle цахим ном уншлагын уралдаан зэрэг 20 гаруй соёл олон нийтийн ажлыг зохион байгууллаа гэж Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сангийн Ном зүйч М.Энхтүвшин мэдээллээ. 

Холбоотой мэдээ