ХЭНТИЙ: 100 жилийн ойд зориулан шинэ ном гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-16 19:44:50
Хэнтий /МОНЦАМЭ/. МУЭ-ийн нэрэмжит шагналт, МУСГЗ, Хэнтий аймгийн зураачдын холбооны тэргүүн Д.Батхуяг “Эзэн Чингисийн түүхэн жимээр Хан Хэнтий” ном гаргажээ. Тус номын дээжээсээ 60 ширхгийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд өнөөдөр гардуулан өглөө.

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Эзэн Чингисийн түүхэн жимээр Хан Хэнтий 100” мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд энэ сарын 27-ноос дэлгэхээр болжээ. Тус үзэсгэлэнд 31 зураачийн уран зураг, уран баримлын 80 гаруй бүтээл тавигдах аж. Энэхүү үзэсгэлэнг угтаж, аймгийн 100 жилийн ойд зориулан энэхүү номоо гаргасан хэмээн зохиогч тодотголоо.

Сонирхуулахад, түүний охин Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, дизайнер СТА Б.Оюунтамирын удирддаг “Хэнтий урлан”-гийн сурагчдын найм дахь удаагийн хүүхдийн уран зургийн үзэсгэлэн “Гэгээ” нэртэйгээр энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийж олны хүртээл болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнд 30-аад сурагчийн 200 гаруй бүтээлийг дэлгэх юм.
“Хэнтий Урлан” нь хүүхдийн уран зургийн сургалт хичээллүүлж эхэлсэн найман жилийн хугацаанд 190 гаруй хүүхдийн 4000 орчим ахин давтагдахгүй гайхалтай бүтээлүүдийг төрүүлж хадгалж байгаа ордон юм.
Холбоотой мэдээ