ГОВЬ-АЛТАЙ: Багш, сурагчид хамтран булгийн эхийг сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-18 16:58:03

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Дарви сумын гадаад хэлний багш эко клубийн сурагчдын хамт зургаан булгийн эхийг сэргээн хамгаалжээ.
Анх 2016 онд “Эко клуб”-ийн хүүхдүүд санаачлан Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг дахь Арьяагийн усны эхийг хашиж, хамгаалах санал гаргаж судалгаа хийсэн байна. Ингээд сумынхаа байгаль хамгаалагч, ЗДТГ, Хужирт багийн засаг дарга болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр 2017 онд булгийн эхийг хашиж хамгаалж чаджээ. Уг ажил үр дүнгээ өгсөн нь багш, сурагчдад ихээхэн урам болсон байна.
Тэд хашсан булгийнхаа эх дээр судалгаа, мониторинг хийж үргэлжлүүлэн сумынхаа нутаг дэвсгэрт байх ширгэх магадлал ихтэй, мал амьтан ундаалдаг таван булгийг малчид, сумын иргэд, Дэлхийн байгаль хамгаалах сан болон тус аймгийн БОАЖГ-тай хамтран хашиж хамгаалжээ. Тодруулбал,

1. Арьяагийн ус,
2. Овоотын ус,
3. Хүрээгийн ус,
4. Улаан булаг,
5. Эрдэнэтолгойн ус,
6. Хавцгайн амны ус гэсэн 6 булгийн эхийг хашиж хамгаалаад байгаа ажээ.

“Дарви цэвэр орчин” эко клуб нь 98 гишүүн сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Клуб удирдагч багшаар тус сумын бага сургуулийн гадаад хэлний багш Н.Хишигдалай ажилладаг. Тэрбээр төрлөх сургуульдаа 18 дахь жилдээ багшилж байгаа аж. Эко клуб дотроо Мазаалай, Бөхөн, Ирвэс гэсэн 3 багтай үйл ажиллагаагаа явуулдаг.


Эхийг хашиж хамгаалаад 8 сар болж байгаа Дарви сумын Жавхлант багийн Улаанбулагт гэхэд нэн ховор эмийн ургамал гоёо ургаж, өвс ургамал дэлгэрч, тухайн бүсийн мал амьтад ундаалдаг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн тухай холбогдох албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ