ДУНДГОВЬ: Элчин сайд Кэйти Эйнсли Смит АМЕП хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-19 10:38:00
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смит Дундговь аймгийн Хулд суманд зохион байгуулсан “Геологи уул уурхайг танин мэдэх аялал”-ын үйл ажиллагаанд оролцлоо.

“Геологи уул уурхайг танин мэдэх аялал” өртөөчилсөн сургалт, хэлэлцүүлгийг Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй АМЕП хөтөлбөрийн хүрээнд зохион байггуулжээ.

АМЕП хөтөлбөр нь Эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилго бүхий “Австрали, Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” юм.

Тус хөтөлбөрийн эхний үе шат 2015-2019 онд хэрэгжсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 1-нээс хоёр дахь үе шатыг эхлүүлж, илүү олон талыг оролцуулсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ. Тус хөтөлбөр Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай суманд хэрэгжиж буй.



Элчин сайд Кэйти Эйнсли Смит үйл ажиллагааны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдсан хэдий ч уул уурхай, эрдэс баялгийн салбарт нийтлэг зүйлс олон байдаг. Австрали Улсын хувьд ч гэсэн эдийн засгийн хөгжил, өсөлтөд уул уурхайн салбар ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг бид хүлээн зөвшөөрдөг.

Энэ салбарын хөгжлийг дагаад ажлын байр, үйлдвэрлэлийн бүтээмж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байдаг. Уул уурхайн салбар Австрали Улсын хувьд манай түүхийн нэг хэсэг төдийгүй эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал, ажлын байрны 10, экспортын 70, ДНБ-ний 15 орчим хувийг энэ салбараас бүрдүүлдэг.

Австрали Улсын хувьд ч гэсэн Монгол Улстай нэгэн адил сорилтууд тулгарч байсан. Боловсон хүчнийг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх, эрдэс баялгийн салбарт инновацыг хөгжүүлэх, алслагдсан өргөн уудам нутагтай учраас зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчныг дээд зэргээр хамгаалах, аюулгүй байдлыг хангах бат бөх стандартуудыг гарган мөрдөх зэрэг ажлыг шийдвэрлэж ирсэн.

Аюулгүй байдлын стандартыг бэхжүүлэхээс гадна соёлын өвөө хамгаалахын төлөө ажиллаж байна. Мөн уул уурхайн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид ч хийх ажлууд маш их байна.

Гуравдагч хөршийн хувьд хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна” гээд тус хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг танилцуулан “Геологи уул уурхайг танин мэдэх аялал”-д оролцож буй иргэд, хүүхэд, залуучуудад талархал илэрхийлсэн юм. 






Холбоотой мэдээ