ӨВӨРХАНГАЙ: Хархорумд “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-19 12:18:09

Арвайхээр /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хархорум музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран Б.Шаравын алдарт бүтээл “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн Балдуугийн Шаравын бүтээлийн хуулбар бүтээл болон 20 орчим гэрэл зургийг анимэйшн зургийн хамт дэглэсэн байна.

Өв соёлоо сурталчлан түгээх, хойч үедээ өвлүүлэх, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой тус үзэсгэлэнг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд толилуулж, Монголын сүүлчийн хааны ордны зураач “Марзан” хэмээх Б.Шаравын намтар, уран бүтээлийн талаар танилцууллаа. 

XX зууны эхээр Б.Шаравын зурсан “Монголын нэг өдөр” бүтээлийг даавуун дээр шороон будгаар зуржээ. Энэхүү зураг Монгол Улсын Засгийн газрын 1995 онд 241-р тогтоолоор “Хосгүй” үнэт зэрэглэлд орсон бүтээл юм.

Холбоотой мэдээ