Монгол-Франц: Түүхэн харилцааг шинэ шатанд гаргах төрийн айлчлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-05-21 08:23:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад  төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.


Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд Европын Холбоон дахь Монголын ойрын түнш, гуравдагч хөрш болох Францын талаас төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаагүй тул Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалыг судлаач ажиглагчид “түүхэн чухал айлчлал” гэж тодорхойлж байна. Ер нь сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болоогүй учраас Францын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Эртний ба ойрын үеийн харилцаа 

Монгол, Францын харилцааны эхлэл тэртээ 800 гаруй жилийн өмнө тавигдсан түүхтэй. 1252 онд Францын Людвиг IX хааны зарлигаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо Францын хааны элч Уиллиам дэ Рубрук анх хүрэлцэн ирж байсан бол 1289 ба 1305 онуудад Ил хаант улсын Аргун Францын хаан гоо Филипптэй харилцаа тогтоож, захидал бичиг солилцож байв. Мөн 1254 онд Францын архитекторч Вильгельм Бушьегийн удирдлага дор Хархорум дахь алдарт Мөнгөн модыг урлан бүтээжээ.


Нэн шинэ түүхийн үед буюу 1946-1961 онд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийг Франц улс анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд 1946 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сууж байсан Францын Байнгын төлөөлөгч А.Пароди хэлэхдээ “Монгол шиг эртний аугаа их түүхтэй, эртний төрт улс НҮБ-д заавал байх ёстой” гээд манай улсыг дэмжсэн санал өгч байжээ.

Зураг дээр: А.Пароди 


Улмаар 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хоёр тал дипломат харилцаа тогтоосноор орчин үеийн албан ёсны харилцааны түүхийн эхлэл тавигдлаа. Барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи, Франц хоёр манай улсыг НҮБ-д элсүүлэхийг тууштай дэмжиж, тус байгууллагад элссэний дараа хамгийн түрүүнд элчин сайдын яамдаа Улаанбаатарт нээж байв.


Энэ үеэс хойших 25 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд социалист, капиталист гэсэн хоёр лагерьт хуваагдаж, “Хүйтэн дайн” ид хүчээ авч байсан нь хоёр орны харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой. Ийм түүхэн нөхцөл байдлаас шалтгаалан 1965-1990 оны хооронд талуудын харилцаа идэвхтэй бус байлаа.


Манай улс 1990 онд нийгмийн ардчилсан тогтолцоо,  зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн тэр цагаас хойш Франц улс биднийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг гэдгээрээ монголчууд ба францчууд нийтлэг үнэт зүйлстэй.


1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын Франц улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаас хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсролын салбарт амжилттай хөгжсөөр ирлээ. Тухайлбал, Европын орнуудаас хамгийн түрүүнд буюу 2005 онд Францын хэл соёлын төв Улаанбаатар хотноо байгуулагдсан, Францад 10 мянга гаруй монгол иргэд сурч, ажиллаж байгаа бол цар тахлын өмнөх үеийн мэдээллээр жилд 10 мянга гаруй франц жуулчид манай улсад ирж байсан гэх мэт тоо баримтууд бий. 1926-1930 онд манай сурагч оюутнууд Франц улсын Мишле лицей, Сорбоны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцаж, Өрнө дахины соёлтой танилцаж  байсан бол өдгөө хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 оюутныг Францын их дээд сургуулиудад суралцуулж байна.


Мөн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Хоёр орны археологичид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан өргөн хэмжээний хайгуул малтлагын хамтарсан судалгааг 17 дурсгалт газарт хийжээ.  Тэдгээрийн дотроос “Төв Монголын эртний хүн амын цогц судалгаа” төслийг онцольё. Төслийн хүрээнд судлаачид Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Жаргалантын аманд орших Монголын төв ба Хангайн бүсийн эртний нүүдэлчдийн оршуулга, тахилгын дурсгалд малталт хийж, Монголын түрүү түүхэн үе ба түүхэн үеийн оршин суугчдын аж ахуй, амьдралын хэв маяг, эдийн соёлыг судалжээ.


Түүнээс гадна, Баруун Европын орнуудаас Франц улсад монгол судлал илүү хөгжсөн. Францын монголч эрдэмтдээс хамгийн алдартай нь Рэнэ Грүссэ, Пол Пэллио нар бөгөөд Грүссэгийн “Талын эзэнт гүрэн” бүтээл нь Чингис хааны үеийн ба Юань гүрний дараах Халх-Ойрдын харилцааны талаарх шилдэг бүтээл мөн билээ. Эрдэмтэн Пэллио бол Төв Азид томоохон судалгааны экспедиц зохион байгуулж, монгол хэл шинжлэлийн салбарт дорвитой бүтээл туурвисан хүн бөгөөд түүнийг 1925 онд Судар бичгийн хүрээлэнгийн гадаад гишүүнээр сонгож байжээ. 


Өнөө цагийн эрдэмтдээс, монгол судлал, нүүдэлчдийн хэл соёлыг дэлхий нийтэд түгээн таниулахад өөрийн нэгэн насны амьдралыг зориулж яваа хэл судлаач, түүхч Жак Легран, монгол-франц хэлний толь бичгийг шинээр эмхэтгэн гаргахад Францын талаас оролцож буй угсаатны зүйч хатагтай Роберт Амаёон, монгол соёл, зан заншлыг дэлхий нийтэд таниулахад хүчин зүтгэж буй Изабелл Бианки нарыг монголчууд андахгүй.


Эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт эрчимжих хандлага

Хоёр улс газар зүйн хувьд бие биеэсээ хэт алслагдсан /автозамаар 9 мянга гаруй км/, Монгол Улс далайд гарцгүй зэрэг объектив хүчин зүйлсийн нөлөөгөөр худалдаа-эдийн засгийн харилцаа харьцангуй сул, хүсэн хүлээсэн түвшинд хүрээгүй байгаа нь бодит үнэн. Гэхдээ  сүүлийн жилүүдэд харилцаанд тодорхой ахиц дэвшил гарч, хоёр орны худалдааны эргэлт 2002 оноос хойш тасралтгүй өссөөр 2022 онд 157 сая долларт хүрчээ. Худалдаа-эдийн засгийн харилцааг хөхиүлэн дэмжих зорилгоор 2009 онд Франц-Монголын бизнесийн зөвлөл байгуулагдсан бол үйл ажиллагаа, цар хүрээ нь тэлсээр 2013 оноос хойш Франц-Монголын Худалдаа-аж үйлдвэрийн танхимын статустайгаар ажиллаж байна. 


Европын Холбооны зүгээс ардчилал, сайн засаглалыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын экспортыг дэмжих хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс тус холбооны гишүүн 28 орны нэг болох Франц улсад бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортолж байна.


Түүнчлэн Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бизнесийн түвшинд хүрч идэвхжин, ялангуяа мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд амжилттай өрнөж байна. Үүний тод илрэл нь хоёр улсын Хөдөө аж ахуйн сайд нар сүүлийн хагас жил гаруйн хугацаанд харилцан айлчилсан явдал юм.  


Ингэснээр Европын Холбооны хоёр гол хөдөлгүүр хүчний нэг, 68 сая хүн амтай Франц улс Европ тив дэх бидний ойрын чухал түнш болж байна.


2019 оны байдлаар, Европын орнуудын дотроос Монголд хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Франц улс дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд сүүлийн үед цөмийн эрчим хүчний салбарт хийж буй хөрөнгө оруулалт эрс нэмэгдлээ. 


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нүүрстөрөгчийг маш багаар ялгаруулдаг цөмийн эрчим хүч нэн чухал үүрэгтэй. Түүний гол түүхий эд нь уран бөгөөд уг ашигт малтмалыг олборлохоор хоёр тал 20 гаруй жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Тодруулбал, 1997 онд Францын Орано Майнинг компанийн салбар болох Кожеговь ХХК-ийн геологичид Дорноговь аймгийн нутагт Дулаан уул, Зөөвч-Овоо гэсэн ураны хоёр ордыг нээсэн бөгөөд сүүлийн 20 жилд дэлхий даяар нээн илрүүлсэн 10 том ордын нэг болох Зөөвч-Овоод газрын дор уусган баяжуулах аргаар уран олборлох Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” компани 2016 онд байгуулагдав.


Хэдийгээр компани ба иргэдийн хооронд үл ойлголцол үүсч байсан боловч өдгөө бэрхшээлийг нэгэнт даван туулж чадсанаар ураны уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, энэ онд ТЭЗҮ-ийн нэмэлт тодотголыг хийж, улмаар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах төлөвтэй байна. Энэ удаагийн Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр уг гэрээний ерөнхий зарчмыг тохиролцох болов уу, мөн цаашдаа хоёр тал цөмийн эрчим хүчийг ашиглах асуудлыг хөндөж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зам нээгдэнэ гэсэн хүлээлтүүд ч байна. Түүнээс гадна, Монгол орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас Францын компаниуд уг салбарт хөрөнгө оруулахыг сонирхсоор ирсэн нь ажил хэрэг болох магадлалтай юм.


Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд нэгэн жарны турш амжилттай хөгжиж ирсэн бол өдгөө харилцааны түвшнийг ахиулж,  “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийг талууд зорьж байна. 

Холбоотой мэдээ