Төрийн дархан М. Балд-Осорын мөнгөөр урласан савангийн хайрцаг Баяндэлгэр суманд байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2016-09-09 10:56:58

Сүхбаатарчуудын үнэт өв соёлын нэг бол Дарьгангын мөнгөн урлал. Дарьгангын  алдарт дархчуулын урласан ховор  бүтээлүүдийн зарим нь иргэдийн гар дээр хадгалагдан үлдсэн байдаг. Үүний нэг бол Дарьгангын баруун гар тэмээчний нутаг гэгддэг Баяндэлгэр сумаас төрсөн, төрийн дархан Мятавын Балд-Осорын мөнгөөр урласан гарын савангийн хайрцаг юм.

Хайрцагны тагны дээр хөдөлдөг, гурван лууг  дүрсэлж, хээ угалзаар чимэглэсэн бол, хайрцагны суурь буюу доод талд нь дөрвөн тулгуур хөл хийжээ. Энэхүү хайрцагийг тэрээр өөрийн зээ дүү н. Жамсранг таван настай даахиа үргээхэд нь түүнд зориулан хийж “Соёлын дурсгал хэзээ ч хоцрогддоггүй юм шүү” гэж хэлээд бэлэглэж байжээ.

Одоо энэхүү гарын савангийн мөнгөн хайрцаг нь соёлын хосгүй үнэт өв болон ахмад багш н. Жамсрангийн үр хүүхдүүдэд хадгалагдаж байна.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас М.Балд-Осор, Молом буюу шар дархан, Дүйнхэр, Тувааны Ласран, Содов, Зундуй, Дамба гэсэн долоон дархан төрөн гарсан байдаг бөгөөд тэдний хоёр нь Төрийн дархан байжээ. Дарьгангын мөн урлалын цөм хэсэг тус суманд байдаг.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ