“Ирээдүйн инженерүүд” анхдугаар олимпиадад тэргүүлсэн сурагчид ШУТИС-д суралцах эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-22 14:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадын шилдгүүд шагналаа гардлаа.

Монгол Улсын хөгжлийн түүчээ, шинэ цагийн шилдэг инженерүүд төрөн гарах их аяны эхлэл болсон тус сургуулийн нэрэмжит энэхүү олимпиадыг 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 22-ныг хүртэл зохион байгуулсан юм.

 

Олимпиадын тэргүүн байрт Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Э.Шинэпүрэв тэргүүлж, өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардлаа.

 

Хоёрдугаар байрт Завхан аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч Э.Энхмэнд, Архангай аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч С.Төгсжаргал нар шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардав.

Гуравдугаар байрт Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Долгормаа, Б.Баяржавхлан, Орхон аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Э.Мэндбаяр нар шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх эрхийн бичгээр шагнуулав.  

 

Энэхүү олимпиад нь ЕБС төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх зорилготой юм.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлт туссан. Энэ салбарт ажиллах үндэсний инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал гэдгийг багш нар энэ үеэр хэлж байлаа.

Улсын олимпиадад тэргүүлсэн Э.Шинэпүрэв Сэргээгдэх эрчим хүчний инженер болох бол, гуравдугаар байр эзэлсэн Б.Баяржавхлан Барилгын инженер болох хүсэлтэй хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.                      


Холбоотой мэдээ