ЗАВХАН: Орон нутгийн чиг үүргийн хэрэгжилтийн судалгааны баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-25 12:36:12

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт Удирдлагын академийн судалгааны баг ажиллаж байна. Удирдлагын академи нь энэ онд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийн хэрэгжилтийн судалгаа”-г гүйцэтгэж байгаа юм.

Судалгааны хүрээнд, тус аймагт Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн доктор, профессор Я.Бямбаяраар ахлуулсан баг ажиллаж байна. Судалгааны багийн бүрэлдэхүүнд тус академийн Төрийн захиргааны тэнхимийн эрхлэгч, судлаач, доктор Т.Түмэнцогтоо, доктор, дэд профессор, судлаач Ц.Дэлгэржаргал, сургалтын арга зүйч, докторант, судлаач Д.Оюунцэцэг нар багтжээ.


Тэд Тосонцэнгэл, Улиастай, Цагаанчулуут сумдад ажиллах бөгөөд орон нутгийн чиг үүрэгтэй холбоотойгоор Засаг дарга болон ИТХ-аас гаргасан шийдвэр буюу Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоол, Засаг дарга болон ИТХ-аас гаргасан шийдвэрийн биелэлтийн тайлан, мэдээтэй танилцана.

Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн тайлан гэхчлэн 2021, 2022, 2023 онд гарсан эрх зүйн акт, баримт бичигтэй танилцаж холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.



Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн эрх зүйн зохицуулалтын суурь харилцааг зохицуулж байгаа хууль. Өөрөөр хэлбэл нийслэл, дүүрэг, хороо, аймаг, сум, багийг удирдлагын чиг үүрэг, бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо ЗЗНДНТУТХ-д нийцүүлэх ёстой аж. 


Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон гол шинэчлэл нь аймаг, сум багийн чиг үүргийн давхардлыг арилгаж, эрх зүйн байдлыг ялгамжтай тогтоосон. Ингэснээр шат шатандаа ажил үүргийн хийдэл, зөрчил гарахаас сэргийлэх зорилготой. 



Харин аймгийн хувьд тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сум хоорондын үйл ажиллагааг зохицуулах, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж байна. Өөрөөр хэлбэл аймаг нь орон нутагтаа төр, засгийн газрын шийдвэрийг хүргэж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналтыг бэхжүүлэх, сумдынхаа үйл ажиллагааг зохицуулах нэгж гэж мөн чанарыг нь тодорхойлж өгсөн. 


Сумыг тодорхойлохдоо сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих үндсэн нэгж байна.

Өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө шууд болоод төлөөллийн байгууллагаараа дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоно гэсэн үндсэн хуулийн зарчим хэрэгжих үндсэн нэгж нь сум гэдгийг энэ хуулиар анх удаа тодорхойлж өгсөн. 


Мөн багийн хувьд нутгийн өөрөө удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн гэж заасан. Засаг захиргааны нэгж өөрийгөө зохион байгуулж, асуудлаа бие даан шийдвэрлэж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон учраас эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн адил оролцоно гэж тусгасан аж. 

Холбоотой мэдээ