Дэлгэцийн цаана таны хүүхэд юу хийж байна вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-27 18:23:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Техник технологи сар, өдрөөр шинэчлэгдэн сайжирч, шинэ дэвшил нэвтрэхийн хэрээр хүүхдээ технологиос хол өсгөх боломжгүй юм. Энэ цагт гэрт ч, гудамжинд ч, гэр бүлээрээ байхдаа ч, найзуудтайгаа уулзахдаа ч бид утсаа “маажиж”, бага насны хүүхдээ уйлахад сатааруулах гэж, хоолоо сайн идвэл, даалгавраа хийвэл, онц сурвал... утас өгч урамшуулах дүр зураг хэдийн бидний амьдралд хэвшил мэт болж, энэ байдалд дасжээ, бид. Ингэхдээ нүдэнд харагдах эмгэг, ёо гэх өвчингүй ч утас, дэлгэц багачуудын тархи, сэтгэл, зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг тэр бүр анзаардаггүй.


Та, дэлгэцийн цаана таны хүүхэд юу хийж байгааг, дэлгэцийн араас хэн нэг нь таныг "орлож", зааж зааварлаж байгаа юм биш байгаа, хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хянаж үзсэн бил үү, өдөрт хэдэн цагийг хүүхэдтэйгээ ярьж өнгөрүүлдэг билээ гэж өөрөөсөө асууж үзсэн үү? Түгдрэхгүй хариулах амаргүй л байх. Тэгвэл "Сайн электроникс" компани мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаачид, медиа мэргэжилтнүүдтэй хамтран энэ сэдвээр аян өрнүүлж, ээж аавууд, хүүхэд залууст дэлгэцийн хамаарлын эргэн тойронд сэдвээр зөвлөгөө өгч, нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн юм.


Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд судалгаа хийхэд, манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг, тэдний нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэсэн тооцоо  гарчээ. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс гурав дахин их аж. Харамсалтай биш гэж үү?


Интернэт, дэлгэцийг хэт олон цаг, өдөр, сараар байнга хэрэглэх нь өдөр тутмын амьдралын хэмнэл алдагдаж, зарим үүрэг хариуцлагыг үл тоох зэргээр өөрийгөө хянах чадваргүй болгодог, нэг ёсондоо сэтгэцийн эмгэг болдог гэдгийг судлаачид хэлж байна. Донтолт нь дотроо сошиал орчинд хүмүүсийн сэтгэгдэл унших, ухаалаг утасны, видео тоглоомын, онлайн мөрийтэй тоглоомын, нийгмийн сүлжээний гээд олон янз байдаг аж. Цахим тоглоомд донтох эмгэгтэй хүүхдийн гэр бүлийн хүмүүжлийн хэв маягийг судлахад, 53.6 хувь нь хүүхдээ эрх дураар нь байлгадаг гэсэн бол, 25.5 хувь нь халамж дутсан, 12 хувь нь хүүхэдтэйгээ харилцдаггүй, 5.7 хувь нь гэр бүл салсан, үлдсэн хувь нь шоовдорлогдсон, хараа хяналтгүй гэж хариулжээ. Мөн Tiktok, facebook, Instagram ашиглаж эхлэх зохистой нас 13 атал монгол эцэг эхчүүдийн 62 хувь нь үүнийг мэддэггүй, 32 хувь нь 10-12 насанд нь, 11 хувь нь 1-3 насанд нь хүүхдэдээ facebook хаяг нээж өгсөн байдаг байна. Цахим орчны дарамтад өртсөн 10 хүүхдийн 6 нь эцэг эхдээ хэлдэггүй. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүд хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна. Энэ тухай “Дэлгэцийн цаана таны хүүхэд юу хийж байна вэ?” аяны нээлтийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Батчимэг онцолсон юм. 


Дэлгэцийн донтолтын шалтгаан, донтсоныг хэрхэн мэдэх, яаж сэргийлэх талаар түүнээс тодруулахад, -Хүүхдээ үл хайхрах, гэр бүл, нийгмийн сөрөг харилцаа, өөртөө итгэлгүй байдал нь донтоход хүргэдэг. Ийм хүүхэд сэтгэлзүйн хувьд ганцаардмал, айдас түгшүүртэй, ууртай, харилцааны ур чадвар эзэмшээгүй, ирээдүйд итгэлгүй байдаг. Мөн нойргүйдэж, сэтгэл гутралд автаж, өөрийгөө тусгаарлан, гэм буруутай мэт мэдэрдэг. Бие махбодын хувьд толгой өвдөх, сульдах, нуруу, мөр хөших, хараа муудах, буруу хооллох, жин нэмэх, түүнчлэн, хичээлээ таслах, тэнэх, худлаа ярих, бусадтай сөргөлдөх, хорт зуршилтай болох, тоглоомоос өөр зүйл сонирхохгүй, үүрэг хариуцлагаа үл ухамсарлаж, хүнийг үл тоож эхэлдэг.


Донтох эмгэгийг эмчлэх боломжтой ч цаг хугацаа их шаарддаг. Тусгай эмийн эмчилгээ байхгүй. Иймд хүүхдээ донтлоо гэж шийтгэж буруутгах бус, харин анхаарал тавьж, гэр бүлийн таатай уур амьсгал бүрдүүлэн сайн ойлгуулж, стресс тайлах аргад сургаж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх нь үлгэрлэх, өөрийгөө хянах, интернэтээ тодорхой хугацаанд хааж хэвших, дасгал хийх, сонирхолтой зүйлд цаг заваа зарцуулах, унтахаас нэг цагийн өмнө утсаа унтраах ч юм уу, утасгүй өдөртэй болж гэр бүлээрээ төлөвлөгөө гаргаж болно шүү дээ” гэв.


Түүнчлэн, энэ үеэр “Soul Haven” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг анхаарал дутмагшлын хам шинжийн талаар сонирхолтой илтгэл тавихдаа, эцэг эхчүүд үүнийг миний хүүхэд сэргэлэн гэж андуурдгийг тодотгон тайлбарласан юм. 


Ийм хам шинжтэй хүүхэд 2-3 насандаа уйланхай, хаана ч хамаагүй савж унадаг бол, 4-5 насандаа тогтворгүй, ямар нэг зүйл рүү авирах, эцэж цуцахаа мэдэхгүй гүйх гэхчлэн эрсдэлтэй зан үйл хийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өсвөр насанд шилжихдээ чалчаа, анхаарал нь нэг зүйлд төвлөрдөггүй, сонирхол нь амархан буурдаг, эмх замбараагүй, маш их эрч хүчтэй байдаг. Анхаарал дутмагшлын хам шинжийн 75-80 хувь нь удамшлын шалтгаантай бол ээж нь хүүхдээ дутуу тээсэн, бага жинтэй төрүүлсэн, уургийн дутагдалтай байсан, жирэмсэн байхдаа кофе, архи, тамхи хэрэглэсэн болон агаар, хөрс, орчны бохирдол мөн нөлөөлдөг байна. Дэлгэцийн хэт их хэрэглээ ч энэ эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7,7 дахин нэмдэг аж.


“Дэлгэцээс ялгарах цэнхэр туяа хүүхдийн амрах, унтах, гүн нойрсоход сөргөөр нөлөөлдөг. Гэтэл эцэг эхчүүд дэлгэцийг хүүхдийг саатуулагчаар ашиглах болсон нь маш буруу. Энэ нь яваандаа суралцахуйн бэрхшээл болж хувирдаг. Гэхдээ анхаарал дутмагшлын хам шинжийг олон талын авьяас чадвар болгож хөгжүүлэх боломжтойг Б.Бэрцэцэг онцлоод, дэлхийн маш олон алдартан ийм хам шинжтэй байсныг жишээгээр сонирхууллаа.


Анхаарал дутмагшлын хам шинжтэй хүүхдийг "газардуулах"-д байгальд алхах, спортоор хичээллүүлэх, бүтээлч зүйлүүд хийлгэх, театрт үзвэр үзүүлэх гэх мэт анхаарал төвлөрөх үйл явцыг уртасгах, ямар нэг идэвхтэй зүйл хийлгэж, эрүүл хооллоход анхаарч, амьсгалын дасгал, иог бясалгал хийлгэвэл илүү үр дүнтэй байна. Тэдний давуу тал нь өөрийнхөөрөө, шударга, хошин шогийн мэдрэмжтэй, хөрвөх чадвартай, юмсыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, бүтээлч байдаг тул зөв аргаар удирдаж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх боломжтой аж. 


Орчин үед олон зүйлийг технологигүй шийдэх боломжгүй ч хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн амьд харилцаа маш чухлыг Хувь хүний хөгжил, гоо зүйн сургагч багш Х.Бадамгэрэл ярьж байлаа. Тэрбээр, “Хүүхдийнхээ хажууд гар утсаа ашиглах нь тэдний ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг. Монгол эцэг эхчүүдийн 80 хувь нь оройн цагаар сошиал медиа ашигладаг нь хүүхэдтэйгээ ярилцах боломжийг улам багасгасаар байна. Ганцаардсан хүүхэд мөн л гар утас, интэрнэтийн хамааралтай болсноор цахим дээрэлхэлт, гадуурхалтад өртөх нь бий. Цахим дээрэлхэлт, гадуурхалт нь хүний хандлага, хүмүүжил, ёс суртахуунтай холбоотой” гэсэн юм.



Тэгвэл гар утасны хамаарал, донтолт, анхаарал дутмагшлын эмгэг, нойргүйдлийг шийдэхийн тулд яах ёстой вэ? Хүүхдийнхээ цахим хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлж, технологийг бүтээлчээр ашиглах дадлыг бий болгох, өөрийг нь бусад хэлбэрээр хөгжүүлэхэд анхаарах нь чухал. Хэрэв хүүхдэдээ ямар нэгэн технологи ашиглуулахаар шийдсэн бол заавал цагийн хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд дүрмээр медиа технологитой хэрхэн харилцахаа зохицуулж сурдгийг медиа мэргэжилтэн М.Тунгалагтуяа зөвлөж байна. 


Он дуустал үргэлжлэх аяны туршид “Сайн электроникс”-ын “Sain Support” багийнхан хүүхдийн ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг хэрхэн хянах, аюулгүй байдлыг хангах техник тохиргооны зааврыг хүргэхээс гадна  эцэг эхчүүдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлсэн олон үйл ажиллагаануудыг төлөвлөөд байгаа аж. 

 


Холбоотой мэдээ