ДУНДГОВЬ: Дэлгэрхангай уулын тахилга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-31 13:52:27
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг Дэлгэрхангай уулын тайн тахилгыг энэ сарын 29-нд товлож, тахилгын зан үйлийг үйлджээ.

Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Дэлгэрхангай сумын нутагт орших Дэлгэрхангай уулыг аймгийн тахилгат уул болгосон бөгөөд жил бүр зуны эхэн сарын эхээр тахьдаг юм.

Энэ жилийн тахилгын ёслолд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон Хулд, Сайнцагаан, Гурвансайхан, Луус, Дэлгэрхангай сумын удирдлагууд, иргэд оролцож, энэ үеэр шагайн харваа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгууллаа.



Дэлгэрхангай уул төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эртний төрийн тахилгатай уул юм. Богд уул гэхэд бүр хожим 1778 онд, Отгонтэнгэр хайрханыг 1779, Хэнтий ханыг 1818 онд төрийн тахилгатай болгож байсан гэдэг.

300- аад жилийн тэртээ тус уулыг Инэл хан хэмээн нэрийддэг байсан бөгөөд  Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзэн ноёны хүү Автай сайн хаан Далай ламаас  Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга уул Инэл ханд “Уулсын хаан” буюу Дэлгэрхаан хэмээх нэр зарлигаар олгож, түүнээс хойш төрийн их тахилгатай болгон Дэлгэрхангай гэж нэрийдэх болсон түүхтэй.

Өрнөөс дорно зүгт сунаж тогтсон энэ уул Тахилгын өндөр, Зараагийн өндөр, Хөх өндөр, Гурван өндөр гэсэн залгаа дөрвөн хэсгээс бүрдэж, 70 гаруй км үргэлжилдэг. Оргил нь далайн түвшнээс дээш 1926 метрт өргөгдсөн, цэлмэг өдөр уулын оройгоос урагшаа говь Гурвансайхан, хойшоо Богд хан уулын орой харагддаг гэдэг.

Дэлгэрхангай уулын оройд хэвтэш маягийн тэгш талбай бий. Үүнийг Алтан тэвш гэх бөгөөд энд нутгийн ард иргэд уулын тахилгад зориулсан бэсрэг наадмаа хийдэг уламжлалтай. Энэ нь ч өөрийн гэсэн өвөрмөц төрхийг агуулдаг билээ.

Дэлгэрхангайг Дундговь аймгийн тахилгат уул болгосноос хойш ийнхүү 18 дахь удаагаа ийнхүү тайн тахих ёслол үйлдсэн байна. 





Холбоотой мэдээ