Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-31 20:04:43
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 


Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа. УИХ-ын гишүүд болон  Ажлын хэсэгт баярлалаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Гуравдугаар  хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж байгааг шүүмжилсэн  агуулга олонтаа дурдагдсан байна. 


2019 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өнөөдөр үр дүнгээ өгч эхэлж байгаа.  Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэхүү өөрчлөлтийн үр дүнгээр батлагдсан. Сүүлийн үед олон сангуудын булхай ил болж, олон жил бугшсан асуудлууд сөхөгдөж, олны анхааралд орж байна. Цаашлаад, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах хүртэл олон өөрчлөлтүүд хэрэгжинэ. 


Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутууг гүйцээлээ хэмээн ойлгож болно. 


Нөгөө талаасаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр  “давхар дээл”-ийн асуудал буюу УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын  гишүүнээр  ажиллахыг хориглосон заалтыг  хүчингүйд тооцсон. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудал биш юм. Гагцхүү 2019 онд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүйд тооцсон. Энэхүү заалт ч  гэсэн өнөөдрийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан юм.  Учир нь  УИХ  76 гишүүнтэй үед 39-өөс дээш суудал авсан нам олонх болно. Олонхын дотор олонхын хяналтыг Засгийн газрын  гишүүд буй болгож, энэ нь Үндсэн хуулийн хяналт, тэнцэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын харилцаа алдагдах учраас гишүүдийн тооны асуудлыг зайлшгүй харгалзан үзэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурдсан. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт,  нөгөө  талаас сүүлийн  30 жил нийгэмд бугшсан авлига, хээл хахууль болон өмч хувьчлалаас эхлэлтэй олон алдаа завхралуудыг засах олон нийтийн хүсэмжлэл Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд тусгалаа олсон гэж үзэж байна. Тиймээс  Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно. Харин зөв зүйлийг бид алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь үр дүнд хүрэх  суурь нь болох учиртай.  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу  Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын  сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр цогц өөрчлөлт болж чадна. УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү хуулиар УИХ-ын гишүүн  зөвхөн төр түмнийхээ төлөө зүтгэх боломжийг бүрдүүлж байгаа. Мөн аливаа тендерт оролцдоггүй, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөггүй байх зэрэг олон хязгаарлалтыг хуульчилж байна. Цогц  өөрчлөлтийг хийхийн тулд бид маргаашаас эхлээд улам шаргуу ажиллах хэрэгтэй байна.  Гэхдээ  Үндсэн хуульд оруулсан  өөрчлөлт батлагдмагц маргааш бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Харин дагаж  гарах органик хууль, үндсэн хуульчилсан хууль, процессын хуулиудаа  даацтай, нийт ард түмний эрх ашигт нийцүүлж батлах хэрэгтэй юм. 


Өнөөдрөөс Монголын нийгэмд  том шилжилт эхэллээ гэж үзэх ёстой. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгэм хүсэмжилж байна. Хэрсүү иргэд  бас тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна. Нийгмийн тулгамдсан асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг,  шударга бустай үл эвлэрдэг, буруу зөрүүг шууд хэлдэг, хэрсүүжсэн, мэдээлэлжсэн иргэд нийгмийн олонхыг  бүрдүүлдэг  болсныг бид  Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Хэрсүү иргэд  одоо тэнцвэртэй бодитой мэдээллийг хүсэж байна. Үнийн өсөлт, хүний эрх, шударга ёс гээд олон асуудлыг иргэд шүүмжлэн хэлэлцэж буй. Ийм учраас төрд  үл итгэх байдлаа ч гэсэн иргэд илэрхийлж байсан. Нийгмийн хүсэл эрмэлзлийг  сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үзүүлэлт юм.  Төр, иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд  зохион байгуулалтай халдаж улмаар ардчиллын нэр хүндийг унагах гэсэн  санаатай,  санамсаргүй үйлдэл гарч байна  Яагаад гэвэл төрд  итгэх итгэл бол монголын ардчиллын суурь юм. Манай эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаа дээрдэж, буруу булхайнууд илчлэгдэж, бохир арга барилууд үйлчлэхээ больж байгаа нь гадна, дотны зарим бүлэглэлд  таалагдахгүй байж болно.  Харин монголын төр шударга, шийдвэртэй өөрчлөлт хийж, зохион байгуулалттай энэ мэт бүлэглэлд хариу барих ёстой. Бид  төр, иргэний итгэлцлийг холдуулах, төрийг сульдуулах холын бодлого хүчтэй хэрэгжиж байгааг сайтар анхаарч, хэрсүү оюун ухаандаа тунгаан бодох цаг болсон. Монгол төрийн нэр хүндийг хамгаалах, нийгмийн шударга  үйлсийн төлөө энэхүү  өөрчлөлтийг хийсэн гэдэгт  бид итгэж байна.


Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг  бодиттой,  үр дүнтэй хэрэгжүүлэхийн  төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж,  хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна гэлээ.

Холбоотой мэдээ