“Хү хамтлаг” сэдэвт марк худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-31 20:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хү хамтлаг” сэдэвт шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2023 оны 5 сарын 31-нд Чингис хааны музейд боллоо.


“Хү” хамтлаг Монгол Улсынхаа баатарлаг түүх, уламжилж ирсэн амьдралын хэв маяг, хосгүй үнэт өвийг харуулсан  байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад уриалсан уран бүтээл хийх бэлтгэл ажлаа 2008 оноос эхлэн хангаж, 2016 онд хамтлагаа байгуулж, 2018 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн билээ.


Тус хамтлагийн бий болгоод байгаа Хүннү рок урсгал дэлхий дахинд танигдаж олон мянган шүтэн бишрэгчидтэй болоод буй. Тэдний үйл хэргийг мөнхөлж, дэлхий дахинд сурталчлах зорилгоор шинэ сэдэвт марк гаргажээ.


МУГЖ, “Хү” хамтлагийн продюссер Б.Дашдондог хэлэхдээ,“Хү” хамтлагийн шинэ Хүннү рок урсгалыг дэлхийн хүчтэй рок урсгалуудын дунд хамгийн анхны төлөөлөл болгон оруулсан. Монголын төрөөс биднийг өндрөөр үнэлж 2019 онд төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн "Чингис хаан” одонгоор шагнасан. Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг үндэсний дурсгалын зоосон тэмдэгт дээр мөнхрөн үлдэх болсон нь маш нэр төртэй хүндэтгэл байсан. Өнөөдөр хүндтэй сайхан өдөр бидэнд дахин тохиолдож байна. Үндэсний шуудангийн үнэт цаас маркан дээр мөнхрөн үлдэж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү маркт байгаль дэлхийн их хүч болох аянга, гал, ус, салхи гэсэн дөрвөн хүчийг нар, сар Хү хамтлагийн бэлгэдэл хөгжмийн зэмсэгтэй хамт оруулан их дэлхийд амар амгалан, сайн сайхан мөнхөд дэлгэрэхийг бэлгэдсэн” хэмээв.


Тус ёслолд “Монгол шуудан” ХК-ийн удирдлагууд, марк сонирхогчид оролцсон юм.

А.Мичидмаа






Холбоотой мэдээ