Хүүхдийн эрх томчуудын үүрэг, хариуцлагаар хязгаарлагдаж байна

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-05-31 21:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Өөрөөр хэлбэл хүүхдээ  сонсох, тэдний эрхийг дээдлэхийг сануулах өдөр. Эдүгээ Монгол Улсын  хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлж байна. Тодруулбал 3.5  сая хүний 1.3 сая нь  хүүхдүүд юм


Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. 2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1.0 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.


2022 оны Дэлхийн хүүхдийн эрхийн индексийг “Kids Rights Foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргаад байна. Энэхүү тайланг хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахын тулд 2013 оноос хойш жил бүр гарган олон нийтэд мэдээлж байгаа. Kids Rights Index нь дэлхийн хэмжээнд хүүхдийн эрхийг хэрхэн дээдэлж байгааг жил бүр тодорхойлохдоо, НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон орнуудыг эрэмбэлэдэг. Ингэхдээ, хүүхдийн амьд явах эрх, эрүүл байх эрх, боловсрол эзэмших эрх, хүүхэд хамгааллын эрх, хүүхдэд ээлтэй хүрээлэн буй орчныг бий болгох эрх гэсэн үндсэн таван үзүүлэлтээр улс орнуудыг жагсаадаг.


 2022 оны үзүүлэлтээр Монгол Улс хүүхдийн амьд явах эрхийг хэрхэн хангаж буйгаар 97, эрүүл мэнд 110, боловсрол 78, хүүхэд хамгаалал 91, ээлтэй хүрээлэн буй орчны хувьд 124-130 дугаарт жагссан байна. Нийт дүнгээрээ 185 улсаас 97 дугаар байранд оржээ.


Тус байгууллагаас Хүүхдийн эрхийн индексийн тайланг гаргадаг болсноос хойшхи  сүүлийн 10 жилд дэлхий даяарх хүүхдийн амьдрал, тэдний эрхийн асуудалд дорвитой ахиц дэвшил гарсангүй хэмээн дүгнэжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн нэг тэрбум хүүхдэд нөлөөлөхөөр байна хэмээн үзсэн байна.

Үнэндээ шинэ цаг үед бидний ирээдүй хойч үе өсөн торниж байгаа. Хүүхдүүд агаарын бохирдол, цөлжилт, нийгмийн дэд бүтэц гээд тэдний эрүүл өсч торних эрх  хязгаарлагдмал байгааг дээрх индексэд дурджээ. Манай улсын хувьд хүн амын гуравны нэг болох хүүхдүүдийн амьдрах орчин дэлхийн хөгжилтэй орнуудын үзүүлэлтээс нэлээн доогуур байгаа нь нууц биш. Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн хувьд чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зай хумигдмал, нийгмийн дэд бүтэц муу зэрэг үзүүлэлтээс болж цахим хэрэглээг хэт шүтэх болсныг мэргэжилтнүүд тодотгож байна.

Тухайлбал технологийн эрин үе гэдгээрээ 20, 30 жилийн өмнөх хүүхдүүдээс өөр ертөнц давалгаалж, 13-18 насны хүүхдүүдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг, тэдний нэг өдрийн цахим хэрэглээ нь 237 минут орчим байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин их үзүүлэлт бөгөөд хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернэт ашигласнаар олон эрсдэлтэй нүүр тулж буйг эмч, мэргэжилтнүүд онцолж байв. Дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэг үүсгэх хүчин зүйлийг 7.7 дахин нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд баталсан. Тэгвэл шинэ цагийн хүүхдүүд дэлгэцээс хэт хамааралтай болсныг залруулахгүй бол нүдний хараа муудах, хэт донтож архаг ядаргаанд орохоос эхлээд зан харилцааны доголдол үүсэх цаашлаад эрүүл мэндээ алдах аюул тулгарч байгааг  мэргэжлийн хүмүүс тодотгож байсан юм. Тэд хүүхдүүдийг ялангуяа өсвөр насныхныг чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, дэд бүтцийг бий болгох, телевизүүд хүүхдүүдийн боловсролд зориулсан сонирхолтой контент бэлтгэх, гадны киног шүүлтүүртэй гаргах хэрэгтэй байгааг онцолж байна. Манай улсын Тогтвортой хөгжлийн зорилтод хүүхдийн эрхийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийлэл, бие эрхтний наймаа, бэлгийн мөлжлөг зэргийг 2030 он гэхэд арилгах тухай тусгасан байдаг. Тэгвэл цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалал, цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шаардлага бий.

Өнөөдөр 3 хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс үүсээд буй нөхцөл байдалд илүү бодитой хандаж, хүүхдэд хүртээмжтэй хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь чухал гэдгийг гадныхан зөвлөж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд тун хүнд байдалтай, мөн эрсдэлт зан үйлд өртөх түгээмэл хандлага байгааг онцолжээ. Тухайлбал 2019 онд Солонгос судлаач нарын хэвлүүлсэн судалгаагаар монгол өсвөр насны хүүхдүүд бусад азийн улсуудын хүүхдүүдтэй харьцуулбал хамгийн аз жаргалгүй, ганцаардмал, эцэг эх нь таарамжгүй, бусдад дээрэлхүүлдэг, амиа хорлох сэдэлтэй гэсэн харамсалтай үр дүн гарчээ. Ирээдүйд тэд өсч, өндийж улс орноо түүчээлнэ. Тиймээс асуудалд томчууд нэлээн нухацтай хандах шаардлага гарч ирж байгааг дээрх баримтаас дүгнэж болохоор байна.

Хүүхдийн эрхийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ярихдаа, “НҮБ-аас баталсан "Хүүхдийн эрхийн конвеци"-д манай улс 1990 онд нэгдэж, энэхүү конвецийг биелүүлэхээр үүрэг хүлээсэн. Уг конвенцид тусгасан хамгийн гол санаа нь бүх эрх ашгаас дээгүүрт хүүхдийн эрх ашиг байна хэмээн тунхагласан байдаг. Аливаа улсын төрийн байгууллага, хууль тогтоогчоос эхлээд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа тухайн асуудал хүүхдийн эрх ашигт нөлөөлж байна уу үгүй юу гэдгийг харгалзах шаардлагатай. Хэрэв хүүхдийн эрхийг зөрчиж байвал шийдвэр гаргахгүй байх, гарсан алдаагаа засаж залруулах үүрэгтэй. Гэвч өнөөгийн нөхцөлд бид конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Монгол Улсад ковид цар тахал дэгдэхээс өмнө жилдээ 25 мянган хүүхэд ээж, аав, асран хамгаалагчийнхаа хажууд гэмтэж, бэртэж, хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах тохиолдолууд гарч байсан. Энэ тоо ковид цар тахлын үеэр 35 мянга болж өссөн. БСШУЯ, ЭМЯ, ХНХЯ, олон улсын байгууллагуудаас эцэг, эхчүүдийн хариуцлагын талаар соён гэгээрүүлэх ажлыг хийдэг боловч өнөөдөр нийгэмд төдийлөн хүрэхгүй байна. Түүнчлэн сүүлийн үед нийгмийн сүлжээнд эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавихгүй байгаа нь судалгаанаас харагдсан. Энэ нь бид хүүхдэд үл хайхрах хүчирхийллийг үзүүлж байна гэсэн үг. Хүүхдүүд бэртэж, гэмтэх, амь насаа алдсан хариуцлагын ард эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал нөлөөлж байгаа. Тиймээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйл заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч бүр хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан” хэмээв.

Дашрамд сонирхуулахад, 2018 оноос хойш улсын төсөвт хүүхдэд зориулсан мөнгөний хэмжээ өсжээ. Тодруулбал 2018 онд 1.4 их наяд, 2019 онд 2 их наяд, 2020 онд 3 их наяд, 2021 онд 3.3 их наяд, 2022 онд 4 их наяд төгрөг болсон байна. Энэ нь сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг болж нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.



Өөр нэг асуудал нь сургуулийн орчинд хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхол оролцоонд тулгуурласан хамтдаа хөгжих боломжоор хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байгааг мэргэжилтнүүд тодотгож байна. Эцэг эхгүй, асран хамгаалагчгүй, гэр бүлийн орчинд нь хүчирхийлэл болсон гээд олон асуудал дунд хүүхдүүд өсч өндийж байгаа. Тиймээс тэр ялгаатай байдлыг харгалзан хүүхдэд ээлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Наад зах нь өвлийн тэсгим  хүйтэнд ээлж солихыг хүлээгээд хүүхдүүд 30-аас дээш минут гадаа зогсохоос эхлээд хүүхдийн эрхийг томчууд зөрчсөөр байна. Иимд хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ насанд хүрэгчид ухамсарлан ойлгож, эрхийг нь хамгаалах талаар нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал. Түүнчлэн гэр бүл, нийгмийн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь юу юунаас илүү чухал болоод байна. 

Холбоотой мэдээ