Болгарын хэвлэл мэдээллийн чуулга уулзалт, Сарнайн баярт МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-03 12:07:04
@ShoovdorBatbold

КАЗАНЛАК, БОЛГАР /МОНЦАМЭ/. Болгар Улсын Казанлак хотод зургаадугаар сарын 2-3-нд зохион байгуулж буй тус улсын хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын Дэлхийн 18 дахь уулзалтад БТА агентлагийн урилгаар гадаадын улс орнуудын мэдээллийн түнш агентлагуудын төлөөлөгчид, тэдгээрийн дотор Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгч оролцож байна.


Болгарын үндэсний мэдээллийн БТА агентлагаас зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа Казанлак хотын Иван Милевын нэрэмжит үзэсгэлэнгийн танхимд зургаадугаар сарын 2-нд болжээ. Энэ өдөр Казанлак хотын өдөр тохиодог бөгөөд Болгарын алдарт Сарнайн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг аж. Казанлакийн төв талбайд хотын тугийг мандуулж, хөгжин цэцэглэхийн ерөөл айлдах ёслол болсон байна.


Мөн энэ өдөр Болгарын үндэсний хувьсгалч яруу найрагч Христо Ботевын дурсгалд зориулсан тугт жагсаал “Эрх чөлөөний төлөө тулалдаанд амь эрсэдсэн хүн үүрд мөнхөрдөг” уриан дор болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн чуулга уулзалтын нийт төлөөлөгчид баярын эдгээр арга хэмжээг үзэж сонирхжээ.


Чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаан “Нийгмийн эрх чөлөөний сонголт” ба “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн баярын өдрүүд” сэдвээр өрнөж, БТА агентлаг болон гадаадын зарим улсын түншийн харилцаатай агентлагуудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.


Болгарын бэлгэ тэмдэг болсон Сарнайн баярыг анх 1903 оноос тэмдэглэж эхэлсэн байна. Зургаадугаар сарын эхний амралтын өдрүүдэд тэмдэглэдэг уг баярын арга хэмжээ Казанлак хотын ойролцоох Сарнайн хөндийд цэцэг түүх ёслолоор эхэлж, дараа нь хотын төв рүү шилжин өрнөх үеэр язгуур урлагийн төрөл бүрийн хамтлагийн тоглолт, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг нь дэлхийн олон орны жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг ажээ. Энэхүү баярын үеэр “Сарнайн хатан хаанд” өргөмжлөх уралдааныг 1975 оноос эхлэн зохион байгуулдаг болсон ба хэргэмийг ямар ч насны эмэгтэй хүртэх боломжтой юм.











Холбоотой мэдээ