Л.Оюун-Эрдэнэ: Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулсны дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэлээ танилцуулав. Тэрбээр ярианыхаа эхэнд энэ оны төсвийн тодотголын төсөлд цалингийн шинэчлэл хийхээр тусгаснаа хэллээ. Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь болгож, зөрүүг арилгана. Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулж, статусыг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд тэмдэглэв.
Хими, хими технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан: Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.
Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Т.Атарсайхан: Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг: МАА-н бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье. Та бүхэн саналаа нэгтгээд ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” гэлээ.